Төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-28 22:39:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотгол болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. 


Хуралдаанаар эхлээд, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Төслийн гарчгийг Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах гэж өөрчлөн, түдгэлзүүлэх тусгай шаардлагын хүрээг нэмэгдүүлэн тогтоож, үйлчлэх хугацааг нэг жилээр хойшлуулах зохицуулалтыг нэмж тусгажээ. Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг төсөлд бүрэн тусгасан болохыг Ш.Раднаасэд гишүүн танилцуулав.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураав. Нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 46 нь буюу  77.6 хувийн саналаар дэмжин Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг баталлаа.


Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал үргэлжилж байгаа хэдий ч ирэх гурван жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-нд эзлэх хэмжээг 2021 онд 5.1 хувь, 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь байхаар төсвийн үзүүлэлтийг сайжруулж, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 2021-2023 онд 61.9 хувиас 53.2 хувь болгож бууруулахаар төлөвлөөд байгаа талаар Г.Амартүвшин гишүүн танилцуулав.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 45 нь буюу  72.6 хувийн саналаар дэмжин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг эцэслэн баталлаа.


Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин, баталлаа.


Төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцуулав. Тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хууль, тоггоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хэлэлцжээ.


Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгад Монгол Улсын эмийн зах зээлд байгаа 3 эм тутмын 1 нь хуурамч гэж дурдсаныг анхаарч, Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлаар ажлын баг байгуулан, УИХ-аас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэв. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнээс бусад тусламж үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авахаар тусгагдсан нь иргэдэд хүндрэл үүсч болзошгүй байна гэсэн санал хэлсэн байна.


Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон төслүүдийг эцсийн хэлэлцүүлэт бэлтгэсэн гэв.


Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, О.Цогтгэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн Төсвийн байнгын хорооны дарга болон Эрүүл мэндийн сайдаас хариулт, тайлбар авсан. Ингээд төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрийг эцэслэн батлах санал хурааж, баталлаа.

Холбоотой мэдээ