30 сургууль, 45 цэцэрлэгийн барилга өргөтгөлийг ашиглалтад оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-31 12:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жилийг угтаж 30 сургууль, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулжээ. Ингэснээр нийт сургуульд суралцах хүүхдийн суудал 14 мянга, цэцэрлэгийн орны тоо зургаан мянгаар нэмэгдэж байгааг БСШУ-ны хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Мөн тэрээр, “Он дуустал улсын хэмжээнд дахин 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд БСШУС-ын салбарт нийт 104 барилга, байгууламжид хийж буй засвар үйлчилгээ нь улсын дунджаар 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа”-г хэллээ.


Тодруулбал, 35 сургууль, 26 цэцэрлэг, найман дотуур байрны их засвар дууссан бөгөөд 14 барилгын их засварыг 9 дүгээр сарын эхний хоёр долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөжээ. Харин 17 барилгын их засварыг 2021 онд хийж дуусгах аж.

Түүнчлэн 45 цэцэрлэг, 15 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангаж, сургууль цэцэрлэгийн байгууллагаар дамжуулан 3300 багшид зөөврийн компьютер олгожээ. Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 10 сургуулиас БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр сургууль, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван сургууль ашиглалтад оруулсан. Үлдсэн таван сургуулийг 10-11 сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

С.Туул

Холбоотой мэдээ