Ялалтаар баталгаажсан тусгаар тогтнол

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-09-09 14:22:38

1945 оны 5 дугаар сард Европ тивд дэлхийн II дайны гал унтарч, Ялтын бага хурлаар тохиролцсоны дагуу ЗХУ Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд оролцохоор болов. Энэ үед БНМАУ холбоотныхоо талд бат зогсож, 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улсын Бага Хурал, Засгийн газраас “Японд дайн зарлах тухай Тунхаглах бичиг”-ийг гаргаснаар Японы эсрэг дайнд нэгдсэн билээ.


Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүч буюу БНМАУ-ын Цэргийн яамны сайд, маршал Х.Чойбалсан, ЗХУ-ын хурандаа генерал И.А.Плиев нарын командалсан Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг нь Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны хүрээнд Өвөр Байгалын фронтын баруун жигүүрийг халхалж, Долоннуур-Жэхэгийн чиглэлд гол цохилтыг, Хаалганы чиглэлд туслах цохилтыг хийх үүрэг хүлээжээ.


Дэлхийн II дайны төгсгөлд болсон Манжуурын операци бол нийтдээ 1,5 сая хав. дөр. км нутаг дэвсгэрийг хамарсан өргөн хүрээтэй байлдааны ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, Франц, Итали, Японы нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй тэнцэхээр том газар нутагт тулалдаан болжээ.


Монгол Ардын Хувьсгалт цэрэг /МАХЦ/ зуны аагим халуунд Цахарын өргөн цөл, урсгал догшин гол мөрнүүдийг гатлан, Хянганы өндөр уулсыг давж, асар богино хугацаанд 1000 гаруй км давшиж, монгол цэргийн тэсвэр тэвчээр, монгол морины шандсыг үзүүлэн ялалт байгуулсан юм.

Японы Квантуны армийн эсрэг Монгол, Зөвлөлтийн цэргийн явуулсан байлдааны ажиллагаанд Монгол ардын хувьсгалт цэргийн /МАХЦ/ 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар моторжуулсан хуягт бригад, 3 дугаар их бууны тусгай хороо, 3 дугаар танкийн тусгай хороо, холбооны тусгай хороо, 9 дүгээр бэлтгэл морьт хороо, нисэх дивиз зэрэг нэгтгэл ангиуд, ар талын ангиуд, хилийн цэргийн 8 отряд, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын нийт 24000 гаруй дайчид оролцсон байна. Харин нарийвчилсан тоо баримтыг харвал, морьт механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд 21 384 монгол цэрэг тулалджээ.


Түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд түүхийн ухааны доктор Г.Мягмарсамбуу илтгэл тавихдаа “Чөлөөлөх дайнд МАХЦ оролцсон цаг хугацааг 8 дугаар сарын 9-нээс 9 дүгээр сарын 3 гэж үздэг нь учир дутагдалтай гэдгийг онцлон хэлж байв. Тамсагбулаг, Баянтүмэн дэх анги нэгтгэлүүд 7 дугаар сарын эхээр байнгын байрлалаасаа гарч, марш үйлдэн хүч хуралдуулах районд төвлөрсөн бол 10 дугаар сарын 15-нд байнгын байрлалдаа буцан ирж байжээ. Иймээс Чөлөөлөх дайн үргэлжилсэн цаг хугацааг 3 сар гэж авч үзэх ёстой.

 

Чөлөөлөх дайн хэмээн нэрийдсэний учир


Хэдийгээр Манжуурын стратегийн давшилтын операцийн явцад Өвөр Монголын ахан дүүсээ нэгтгэж чадаагүй боловч МАХЦ-ийн давшилт нь олон жил тусгаарлагдан амьдарч ирсэн үндэс угсаа нэгт ахан дүүстээ итгэлийн оч бадрааж өгсөн гэдгийг эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл тавьсан доктор Т.Сүхбаатар тэмдэглэн хэллээ.  


Дээр дурдсан Японд дайн зарлах тухай тунхаг бичигт өгүүлэхдээ “Монгол овогтон нэгэн улс гэр болон нэгдэхийн тулд, 1936 оны ЗХУ, БНМАУ-ын харилцан туслах гэрээг хэрэгжүүлэхийн тулд Японд дайн зарлаж байна. Манай хүчирхэг ардын арми төрөлх орныхоо нутаг дэвсгэрээс гаран, зоригт улаан цэрэгтэй хамтран, Өвөр Монголын нутагт нэвтрэв. Энэ дайн нь халх, дөрвөд, торгууд, буриад, барга, өмнөд Монгол, цахар, ордос, харчин, дарьганга, алашаа, Хөхнуурын Монгол зэрэг монгол овогтон, бас БНМАУ-ын газар нутагт оршин суугчид болон казах, урианхай зэрэг монгол овогтныг империализмын дарлалаас мөнхөд ангижруулан, монголчуудын хэл, үндэсний соёлыг хүндэтгэн хөгжүүлж, үндэсний уламжлал, шашнаа хамгаалж, улс гэрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо батжуулахын төлөөх ариун дайн юм” гэжээ.


Мөн Японд дайн зарласан өдөр маршал Х.Чойбалсан нийт ард түмэн, цэрэг дайчдад хандаж радиогоор үг хэлэхдээ “Өнөөдөр та нар өөрийнхөө Засгийн газрын тушаалаар манай эрх чөлөө, тусгаар тогтносон улсын хилийг давж, ... манай ах дүү дотоод Монгол, Баргын газар нутаг дээр орсон байна. Та нар бол бүх Монгол үндэстнийг чөлөөлж, нэгдүүлэн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, нэгдмэл, эрх чөлөөт улс болгохын тулд ариун шударга дайнд орсон байна” хэмээн онцлон тэмдэглэж байв. Үүнээс үүдэн “Чөлөөлөх дайн” гэдэг нэршил бий болжээ.


Үүнтэй холбогдуулан дурдахад, дайны төгсгөлөөр Барга, Өвөр Монголоос 1765 өрхийн 6154 хүн монгол үндэстний гал голомт болох БНМАУ-ыг зорин нүүж ирснээр манай улсын хүн ам, мал сүргийн тоо өсөж, эдийн засаг, соёлын хөгжилд тодорхой хэмжээний түлхэц болсон гэдгийг доктор Г.Мягмарсамбуу хэллээ. 


БНМАУ дайнд оролцох болсон шалтгаанууд


Зүүн Хойд Азид байрлаж буй Квантуны армийг бут цохихын тулд Зөвлөлтийн удирдлага стратегийн 3 чиглэлийг сонгон авсны нэг нь Тамсагбулагийн районоос Японы цэрэгт хүчтэй цохилт өгөх явдал байв. Стратегийн ийм давуу байрлал нь Японы эсрэг дайнд Монголыг татан оролцуулах нэг нөхцөл болсон.


Нөгөөтэйгүүр, БНМАУ-ын хувьд, 1936 онд ЗХУ-тай байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу хүлээсэн холбоотны үүргээ биелүүлэх нь чухал байв.


Түүнчлэн “нийтийн дайсныг түргэнээр бүрмөсөн цохиж устгах гэсэн ардчилсан улсууд ба нэгдсэн үндэстний үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд дайнд оролцох болсноо БНМАУ мэдэгджээ. Зүүн Хойд Азид өрнөж байсан дайныг дуусган, тус бүс нутагт энх тайвныг тогтоох нь БНМАУ-ын дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг мөн бөгөөд улс орны эрх ашигт бүрнээ нийцэж байв.


Чөлөөлөх дайн ба Монголын тусгаар тогтнол


1921 оны Ардын хувьсгалын үр дүнд тусгаар тогтносон БНМАУ-аа байгуулж чадлаа хэмээн монголчууд бодож байсан боловч үнэн хэрэгтээ шинэ тусгаар улсыг маань ЗХУ-аас өөр улс хүлээн зөвшөөрөхгүй байв. Гэтэл япончуудын байгуулсан тоглоомын улс гэгддэг Манж-Гог дэлхийн 20 гаруй орон “тусгаар улс” гэж үздэг байлаа. Тодорхой хэлбэл, статус кво нь тодорхойгүй БНМАУ-ын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй байсан тэрхүү ээдрээтэй цаг үед Чөлөөлөх дайн өрнөсөн гэдгийг түүхийн ухааны доктор Т.Сүхбаатар илтгэлдээ онцоллоо.


1943 оны 2 дугаар сард болсон Ялтын бага хурлаар холбоотон 3 гүрэн 6 зүйлт тохиролцоонд хүрсний 3 дахь нь Монголын хувь заяатай шууд холбоотой шийдвэр байв. Тодруулж хэлбэл, фашистын Герман бууж өгсний дараа ЗХУ Японы эсрэг дайнд оролцох үүрэг хүлээсэн юм. Японы эсрэг дайнд оролцохоосоо өмнө Зөвлөлтийн тал холбоотон гүрнүүдэд хэд хэдэн болзол тавьсны дотор, Америкийн Ерөнхийлөгч Ф.Рузвельт Чан Кай Ши-д нөлөөлснөөр Монголын тусгаар тогтнолыг Дундад Иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Монголын статус квог АНУ, Их Британи хоёроор хүлээн зөвшөөрүүлэх явдал байлаа.


Ялангуяа Монголын тусгаар тогтнолыг Чан Кай Ши-гээр хүлээн зөвшөөрүүлэх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт хүлээсэн нь чухал шийдвэр байв. Японы эсрэг дайнд ЗХУ оролцох тухай тохиролцоонд “Гадаад Монголын статус квог хэвээр хадгална” гэж заасан нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал түлхэц болсон гэдгийг доктор Т.Сүхбаатар онцолжээ.   


Ялтын хурлын шийдвэрт дургүйцсэн Чан Кай Ши 1945 оны 6 дугаар сард төлөөлөгчдөө Москвад илгээн Гадаад Монголын статус квогийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцээний явцад ЗХУ-ын удирдагч И.Сталин Монголын тусгаар байдлыг үгүйсгэх гэсэн Хятадын талын оролдлогуудыг тухай бүрт нь няцааж байв. Улмаар 7 дугаар сард БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсанг тусгаар улсын удирдагчийн хувиар төрийн дээд хэмжээнд хүлээн авчээ. Энэ нь БНМАУ бол тусгаар тогтносон улс, Монголын талаарх байр сууриа ЗХУ өөрчлөхгүй гэсэн мессежийг Чан Кай Ши-д өгсөн хэрэг байлаа.

Х.Чойбалсан Москвад айлчлах үеэрээ Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах асуудлаар Зөвлөлтийн талтай тохиролцжээ. Энэ нь БНМАУ бол тусгаар тогтносон, өөрийн гэсэн цэрэг армитай улс мөн гэдгийг Хятадын талд харуулж, тусгаар улс гэдгээ дэлхийн бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байв.


ЗХУ, АНУ хоёрын шахалтаар аргагүй байдалд орсон Дундад Иргэн улсын засгийн газар 30 жилийн хугацаатай Найрамдал, холбооны тухай гэрээг ЗХУ-тай байгуулжээ. Гэрээнд “БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ хүлээн зөвшөөрнө” гэсэн заалт орсон бөгөөд үүний дагуу Гадаад Монголын хүн амын дунд бүх нийтийн санал асуулга явуулж, түүний дүнгээс хамааран Хятадын тал Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон байна. Ингэснээр монголчууд тусгаар улсаа байгуулах нь нэгэнт тодорхой болж, асуудал зөвхөн цаг хугацаанаас хамаарах болов. Яг энэ үед БНМАУ-ын хувьд Японы эсрэг байлдааны ажиллагаанд оролцож, дайныг ялалтаар дуусган ялагч улсуудын нэг болох нь улс төрийн ихээхэн ач холбогдолтой байлаа.  


Чөлөөлөх дайнд БНМАУ оролцсоны улс төрийн ач холбогдол


БНМАУ дайнд оролцсоны улс төрийн ач холбогдол нь цэргийнхээс илүүтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд Чөлөөлөх дайны ялалтын үр дүн, ач холбогдлыг судлаач Т.Сүхбаатар дараах байдлаар тодорхойллоо.

 

·  Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд БНМАУ оролцсоноороо өөрийн нэрхүнд, байр суурийг       тодорхойлон олон улсын тавцанд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрүүлэх алхмыг хийсэн

·  ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэн даян дэлхийд энх тайван байдлыг тогтооход өөрийн үүргээ амжилттай биелүүлсэн

·   Дайны дараа 1945 оны 10 дугаар сард Монгол орон даяар тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга болж, түүнд оролцогчид бүгд 100 хувь тусгаар тогтнолын төлөө санал өгсөн. Ийнхүү БНМАУ-ын тусгаар тогтнолыг анх удаа Дундад Иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлснээс гадна БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд 1946 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Нөхөрлөл ба Харилцан туслалцах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

·   Хамгийн гол нь, АНУ, Англи зэрэг холбоотон гүрнүүдээр БНМАУ-ын статус-квог баталгаажуулсан нь энэ дайнд Монгол Улсын зэвсэгт хүчин оролцсоны улс төрийн ач холбогдол, үр дүн мөн.

 

·    Чөлөөлөх дайны ялалт нь зөвхөн Монгол Улсын төдийгүй бүс нутгийн ач холбогдолтой үйл явдал юм. Ялалтын үр дүнд Зүүн Хойд Азийн олон улс орон чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо олж авсан юм. Монгол, Зөвлөлтийн цэрэг Манжуур, Зүүн Хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлсөн нь Хятад улс тусгаар тогтносон улс болох үйл явцад нөлөөлж, улмаар 1949 онд БНХАУ байгуулагдсан билээ. Чөлөөлөх дайны явцад Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадын армийн цэрэгтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хамтын ажиллагаанд шинэ хуудас болсныг тэмдэглэх нь зүйтэй.


Холбоотны үүрэгтээ үнэнч монголчууд  


Аугаа Эх орны дайны хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэн 1936 онд ЗХУ-тай байгуулсан Харилцан туслалцах гэрээний дагуу Зөвлөлтийн ард түмэнд туслан, 6 удаагийн бэлгийн цуваа илгээж, 53 танкаас бүрдсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, 12 нисэх онгоц бүхий “Монгол ард” эскадрилийг бэлэглэж, 500 мянган агт морио фронтод илгээж байсан.


Түүнээс гадна, Гитлерийн арми ЗХУ-д халдан довтолсны дараачаас милитарист Японы цэргүүд Зөвлөлтийн Алс Дорнод руу дайрах магадлал улам өндөр болсон учраас Алс Дорнод ба Дорнод Сибирийн районд Зөвлөлтийн 1 сая хүнтэй арми байрлаж байв. Энэ хүчийг дэмжих үүргийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг /МАХЦ/ хүлээж байсан тул тэр үеийн БНМАУ-ын удирдлага цэргийн тоог 4 дахин өсгөж, улсын төсвийн 50 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байв. Зарим баримтаар, тухайн үеийн Монголын армийн бие бүрэлдэхүүний тоо 55 мянгад хүрч, орчин үеийн зэвсэглэл бүхий танк, их буу, нисэх хүчин, тээвэр, сапер, эмнэлгийн анги нэгтгэлүүдийг эмхлэн байгуулжээ.


1945 оны Манжуурын давшилтын ажиллагаанд оролцсон Монголын арми 1939 оны Халхын голын дайны үеийн МАХЦ-ээс байлдах чадвар, зэвсэг техникийн болон ар талын хангалтаар эрс сайжран өөрчлөгдөж, бүхий л талаар бүхэл бүтэн шат ахин, орчин үеийн зэвсэгт хүчин болсон гэдгээ харууллаа.

Үүний сацуу, улс орныг батлан хамгаалах ажилд олон түмнийг өргөнөөр оролцуулахын тулд 1942 онд Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг байгуулсан нь улам өргөжиж, 1944 он гэхэд эгнээндээ БНМАУ-ын нийт хүн амын 20 гаруй хувийг нэгтгэсэн /200 мянга орчим хүн/ цэрэг-олон түмний бие даасан байгууллага болсон байв. Ингэснээр Монголын зэвсэгт хүчин Манжуурт байрлаж байсан 1 сая хүнтэй Квантуны армийн тодорхой хэсгийг тогтоон барьж, Зөвлөлтийн хэд хэдэн дивизийг Алс Дорнодоос Европт өрнөж буй байлдааны талбар руу шилжүүлэх боломжийг олгосон нь холбоотны үүргээ нэр төртэй биелүүлсэн хэрэг юм.


Дашрамд, анх удаагаа энгийн ард иргэдээс бүрдсэн Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд хоёр чиглэлээр Чөлөөлөх дайнд оролцсоныг дурдах нь зүйтэй. Нийт 1100 орчим хүнтэй уг отряд дайсны хорлон сүйтгэгчидтэй тэмцэх, байлдаан болж өнгөрсөн газар оронд дэг журам тогтоох, Монголын төрийн бодлогыг сурталчлах үүргийг гүйцэтгэж байв. 


Эцэст нь дүгнэхэд, дэлхийн II дайнд ялсны үр дүнд Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээж чадсан нь түүхэн үнэн. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн олон хүний амийг хөнөөсөн, хамгийн их гарз сүйтгэл учруулсан энэ дайны явцад Монголын ард түмэн нийтийн дайсны эсрэг нэгэн санаагаар бат тууштай зогсож чадсан.  Дэлхийн II дайны оршил нь 1939 оны Халхын голын дайн байсан бол 1945 оны Чөлөөлөх дайн нь түүний төгсгөл болсон гэж Монголын судлаачид дүгнэдэг. Энэ дайныг Монголын зэвсэгт хүчин ялалтаар төгсгөж чадсан нь олон улсын харилцаанд багагүй өөрчлөлтийг бий болгож, Ази тивд дайны голомтыг унтраах, энх тайвныг тогтоох, Дорно дахины улс түмэн эрх чөлөөгөө олж авах тэмцэлд хувь нэмэр болсон билээ.

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ