Энэ хичээлийн жилд 1409 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-01 18:14:08

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт 2020-2021 хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 15767 суралцагч, сургуулийн өмнөх боловсролд 3940, нэгдүгээр ангид 1409 хүүхэд элсэн суралцана.

Харин 23 сумын ерөнхий боловсролын дэргэдэх гэр өргөөнд зургаан настай 150 орчим малчны хүүхэд амьдарч, суралцахаар болжээ. Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд насан туршийн боловсролын багш нарын сургалтад 23 багш, нэгдүгээр ангийн багш нарын сургалтад 29 багш, бага боловсролын залуу багш нарын гуравдугаар зөвлөгөөнд 43 багш оролцсон байна. Мөн физикийн багш нарын арга зүйн сургалтад 23 багш, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтны сургалтад 73 удирдах ажилтан хамрагдсан байна.

Түүнчлэн багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан онлайн сургалтад 15 судлагдахууны 387 багш амжилттай хамрагджээ. Энэ хичээлийн жилд Шинэ зууны боловсрол төслийн хүрээнд Боловсрол шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын 30 сургууль, 37 цэцэрлэгийн нийт 134 багш, ажилтан зөөврийн компьютероор бүрэн хангагдсан.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил бүрэн хангах Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын А/17 дугаар тушаалаар цэцэрлэг, сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахад мөрдөх журмын дагуу ариутгал халдваргүйтгэлийг чанд сахин ажиллаж эхэллээ. Энэ журмын дагуу аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль, 41 цэцэрлэг, мэргэжлийн гурван сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, заавар зөвлөгөө өгөхөөр аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгүүд дээрх журмын дагуу үйл ажиллагаагаа эхлүүллээ. Сургууль, цэцэрлэг бүр журмын дагуу суралцагч, багш, эцэг эхчүүд хамтран ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг мөрдөн ажиллаж байна  гэж аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ