Цэцэрлэгийн ариутгал, халдваргүйтгэлд 500 сая төгрөг зарцуулжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-02 17:29:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.


Тэрбээр, “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед анх удаагаа сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээр улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 199 мянган хүүхэд цэцэрлэгтээ явж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч сар гаруйн өмнөөс бэлэн байдлыг хангаж ажилласан. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу улсын хэмжээнд ажиллаж буй 1 475 цэцэрлэгт мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэхэд 500 сая төгрөг зарцуулж, багш нар эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан.

Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхдөө амны хаалт зүүлгэх, гэрт байх хугацаанд нь шим тэжээлтэй хоол хүнс өгөх, эрт унтуулах зэргээр дархлааг нь дэмжиж, анхаарал халамжаа сулруулахгүй байх хэрэгтэй. Цэцэрлэг, багш эцэг эх аль аль нь үүргээ хариуцлагатай сайн биелүүлснээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангаад зогсохгүй, хүйтэн сэрүүний улиралд хүүхдээ ханиад томуу, халдварт өвчний эрсдэлээс хамгаална” гэдгийг санууллаа.

Холбоотой мэдээ