А.Амартүвшин: Оюутнууддаа зориулан гар утасны апллекейшн бүтээсэн

Монголын мэдээ | Боловсрол
sodonizm@gmail.com
2020-09-03 13:41:11

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор СУИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга М.Амартүвшинтэй ярилцлаа.


-Энэ хичээлийн жил хэчнээн оюутан СУИС-т орж байгаа вэ?  

- Энэ жил босго оноонд хүрсэн 550 гаруй оюутан СУИС-д элссэн. Бакалаврын сургалтын 26 хөтөлбөрийн 20 нь заавал авьяас, ур чадвар шаардсан байдаг. Олон хүүхэд авахаас илүү чадварлаг, авьяаслаг хүүхэд элсүүлэх бодлого баримталдаг. Хичээлийг салбарын яамнаас тогтоосон журмын дагуу 10 дугаар сарын 5-наас эхлүүлэхээр болсон. Өнгөрсөн хавар бакалаврын 505 оюутан, 92 магистр 3 доктор төгссөн. Диплом, ромбоо оюутан тусгай цагийн хуваарийн дагуу, нэг нэгээрээ ирж гардан авсан.


-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас оюутнууд хичээлээ цахимаар үзэх шаардлагатай болсон. Багаар ажиллах онцлог сургалт шаарддаг танай сургуулийн хувьд хүндрэл гарч байв уу?

-Энэ үйл явдал их гэнэтийн байсан ч боловсролын салбарт хурдтай шинэчлэл хийх шаардлага үүссэн. Оюутнуудынхаа дунд сэтгэл ханамжийн судалгаа авахад сургалтын системд холбогдох интернэт орчин, компьютер, гар утас нь шаардлага хангахгүй байх, хувийн бэлтгэл хангагдаагүй байснаас хичээлд оролцоход зарим оюутанд бэрхшээл үүсэж байсан. Зарим оюутан хотод байх зардал мөнгөө хэмнэх, бие даан суралцах боломжоор хангагдаж байна гэсэн.

Урлагийн сургуулийн хувьд биеийн хөдөлгөөн, багаар ажиллах, хамтаар бүтээл туурвих сургалтыг явуулахад бэрхшээлтэй байсан. Гэвч сургалтын боломжит арга хэлбэрийг ашиглахыг зорьж нийгмийн сүлжээгээр дамжуулан фейсбүүкт бүлгэм үүсгэж мэдээлэл солилцох, даалгавар илгээх, шууд дамжуулалтаар холбогдох зэргээр 232 багшийн 1231 хичээлийг цахим системдээ байршуулж, 2200 гаруй оюутанд хүргэсэн. Зарим тохиолдолд СУИС-ийн багш нар 24 цагаар ажиллах ч үе гараад байв.


-Цахим хичээлээс  ямар дэвшилтэт сургалтын арга барилыг олж авсан бэ?

-Өнгөрсөн хавар оюутнууддаа зориулан “MNUAC” хэмээх гар утасны аппликейшн зохиосон. Үүнийг ухаалаг утасныхаа “Play store-оос татан авч, ашиглах боломжтой. СУИС-ийн оюутан бүр өөрийн сонгосон хичээлийг цахим хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлээд байна. Боловсролын яамнаас онолын хичээлийн лекцийг 100 хувь цахимаар оруулахыг зөвлөсөн. Одоогийн байдлаар цөөн хэдэн хичээлийг л онлайнд байршуулаагүй байна.


-Орчин үед дэлхий нийтээрээ цахим болон тэнхим хосолсон сургалтыг явуулах болжээ. Хосолсон сургалтыг СУИС-т нэвтрүүлэхэд хэрхэн анхаарч байгаа бэ?

-ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан “Холимог сургалтын чанартай дээд боловсрол” номыг орчуулсан. Энд холимог сургалтын олон улсын сайн туршлагуудыг бичсэн байсан. Үүнээс бид хичээл сургалтдаа ашиглахыг хичээж байна. Багш нар маань эдгээр сайн туршлагын тухай санал бодлоо солилцож, манай сургалтын тогтолцоонд тохирох хамгийн сайныг нь судалж байна.


-Бакалаврын сургалтын 26 хөтөлбөрийн 20 нь мэргэжлийн ур чадвартай хосолсон сургалт байдаг тухай дээр дурдсан. Тэгвэл эдгээр хичээлийг хэрхэн зохицуулж байна?

-Лекцийн хичээлийг цахимаар үзээд, лабароторийг 20, семинарыг 40 хүүхдийн бүлэг болгож хичээл оруулна. Мэргэжлийн ур чадвартай хосолсон бүжгийн урлаг, хөгжимдөх урлаг, театрын жүжиглэх урлагийн хичээл заавал тулж харилцах хэрэгтэй. Багшаас оюутнуудад бодит мэдрэмжийг өгөх хичээл нь чухалд тооцогддог. Тодорхой хугацаагаар, цөөн оюутны хүрээнд  оногдсон хувиарын дагуу эрүүл ахуйн дэглэм баримтлан хичээлээ оруулна.


-Ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг хэрхэн сахиж байгаа вэ?

-Бүх хичээлийн байрандаа ариутгал халдваргүйтгэлийг бүрэн хангаж дууссан. Бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Сургуулийн коридорт санамж бичиг хадаж, зай талбайгаа бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулсан.


-Сургалтын төлбөрт өөрчлөлт орсон уу?

-Өөрчлөлт ороогүй байгаа. Нэг кредитын хамгийн бага төлбөр нь 61000 төгрөг байдаг. Нэг улиралд 15-17 кредит судлахыг санал болгодог. Хэрвээ оюутанд цаг зав байвал 20 кредит хүртэл нэмж судлах боломжтой. Ер нь хичээл сонгосон байдлаас шалтгаалж 1-2 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Тулгамдаж байгаа гол зүйл нь оюутны хөгжлийн зээл олгогдоогүй явдал. Энэ хэрэв шийдэгдвэл зарим оюутны суралцах таатай боломжийг нээж өгнө гэсэн үг. Өнгөрсөн хавар сургалтын зээлд хамрагдана гэж бодоод өргөдлөө өгсөн хүүхдүүд одоо зээлд хамрагдах боломжгүй болоод байна.


-Дотуур байрандаа хэзээ хүүхдүүдээ хүлээж авах вэ?

-Дотуур байранд 10 дугаар сарын 1-4-нд хүүхдүүдээ хүлээж авах чиглэлээ өгсөн байгаа. Хүүхдүүдээ бүртгэсэн. Гэрээ байгуулах ажлыг цахимаар явуулж байгаа.

 

 

Холбоотой мэдээ