Баян-Өлгийн тариаланчид ургацын баяраа хийж байна

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-04 15:02:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран «Намрын ногоон өдрүүд» үзэсгэлэн худалдааг Өлгий хотод өнөөдрөөс зохион байгуулж байна.

Харин «АДРА-Монгол», «Дэлхийн зөн-Монгол» олон улсын байгууллагууд, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын  салбар танхим, Өлгий сумын ЗДТГ тус үйл ажиллагааг дэмжигч байгууллагаар оролцож байгаа аж.  

Уг үзэсгэлэн худалдаанд аймгийн төв болон хөдөө сумдаас 100 орчим иргэн аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн тарьсан төмс, хүнсний ногоо, цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ч орон нутагт үйлдвэрлэдэг гар урлал, хатгамал, хувцас зэрэг бүтээгдэхүүнүүдийнхээ дээжийг дэлгэжээ.

«Арга хэмжээний зорилго орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг ард иргэдэд сурталчлах, борлуулалтыг дэмжихэд оршиж байгаа. Нийтдээ гурван өдрийн турш үргэлжилнэ» гэж аймгийн ХХААГ-ын албаны дарга А.Гүлжан хэллээ.

Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 1240 га-д тариалалт хийсэн. Үүнээс 3600 тонн ургац хураан авахаар төлөвлөж байна. Тухайн онд аймгийн төмсний нийт хэрэгцээний 90 хувь, хүнсний ногооны 21 хувь, жимс, жимсгэнийн 1,5 хувийг орон нутгаас хангана гэдгийг тус газрын Газар тариалан, бодлого, технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахыт онцоллоо.

“AДРА-Монгол” Олон улсын байгууллагаас Баян-Өлгий аймагт "Тогтвортой газар тариалан ба эдийн засгийн хөгжил төсөл"-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байгаа. Тус төсөлд хамарсан 165 өрх ч өөрсдийн тарьж ургуулсан 10-аад төрлийн хүнсний ногоогоо өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд танилцуулж байна.

«Намрын ногоон өдрүүд» үзэсгэлэн худалдаа энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.