Н.Тавинбэх: Тусгай зөвшөөрлийн шаардлагыг уян хатан болгоход анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлөөлөлтэй өнөөдөр уулзах үедээ тусгай зөвшөөрлийн хугацаа болон томоохон төсөл хөтөлбөрт үндэсний компаниудын оролцоог нэмэх, боловсон хүчний бодлого алдагдсаныг залруулах, тендерийн шалгаруулалтыг шударга явуулахад анхаарахаа тодотгов.
Уулзалтад
50 орчим компанийн төлөөлөл оролцож, тусгай
зөвшөөрөл олгох шалгуур, эрчим хүчний шугам угсралтын ажлын шалгаруулалт,
гүйцэтгэлийн чанар болон дулааны засвар үйлчилгээг хийхэд хэрхэн хамтран
ажиллах, тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар саналаа
солилцлоо. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тусгай зөвшөөрлийн шаардлагыг уян хатан болгоход анхааран, нээлттэй
санал авч байгаа тул саналаа ирүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон
юм.
“Эрчиммаш” ХХК-ийн захирал Б.Ганбаатар тусгай зөвшөөрөл олгох нөхцлийг эргэж харах, тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэхийг санал болгосон бол “Хасу мегаватт” ХХК-ний захирал Ж.Түмэн-Аюуш Эрчим хүчний барилга угсралтын төсвийн үнэлгээ бага байдгаас компани хөгжих бололцоо олддоггүй. Эрчим хүчний салбарт хөдөлмөрлөж яваа хувийн хэвшилд анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүслээ. Мөн “МЭЗ” ХХК-ний захирал Д.Ганбаатар төсөв зохиох аргачлалаа өөрсдөө боловсруулах, төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөхөө больж, ашиглалтаа хариуцах, Дулааны цахилгаан станцын захирлууд тендерийн үнийн тарифыг батлахдаа доогуур тогтоодгийг залруулах хэрэгтэйг уламжиллаа.
Энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрчим хүчний салбарт 477 аж ахуйн нэгж, байгууллага 962 нэр төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байна. Нийт тусгай зөвшөөрлийн 37 хувь нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 12 хувь нь зуухны угсралт, 11 хувь нь даралтат савны угсралт, 15 хувь нь дулааны шугамын тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Он гарснаас хойш 34 зөвшөөрөл шинээр олгож, 115 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.