Монголын байт харваачдын 60 жилийн ойн өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-07 10:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын байт харвааны холбоо /МБХХ/-ны 60 жилийн ойн баярын өдөрлөг 2020 оны 9 дүгээр сарын 5-нд Үндэсний цэцэрлэг хүрээлэн дэх "Дайчин чанар - Тэсвэрийн талбар-360” талбайд зохион байгуулсан байна.


Уулын спортын ОУХМ, спортын гавьяат багш Р.Зориг нь 1960 онд Чехословак улсын мэргэжилтэн Шимек Атонинтой уулзаж, манай оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал солилцсоноор анхны харваач тамирчдыг бэлтгэж эхэлсэн түүхтэй аж.



Тус баярын өдөрлөгөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа уншиж  танилцуулан Монголын байт харвааны холбоо /МБХХ/-ны ерөнхийлөгч П.Цагаанд гардуулав.


Өдөрлөгийн үеэр Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган үе үеийн ахмад тамирчид, дасгалжуулагч, холбоодын удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүсжээ.


 

Энэхүү өдөрлөгийн үеэр олон нийт 360 талбайд байт харвааны үнэ төлбөргүй сургалтад хамрагдан, холбооны үйл ажиллагаатай танилцсан байна.



Ташрамд дуулгахад, Монгол Улсаас олимпын спортын төрлийн хамгийн анхны дэлхийн аваргын алтан медалийг байт харвааны тамирчин Должингийн Дэмбэрэл 1971 онд Английн Иорк хотноо болсон тэмцээнд 30 метрийн зайд 2 удаагийн харвалтаар 641 оноо онож түрүүлж байсан нь монголчуудаас анх удаа Дэлхийн аварга болсон хүн билээ. Мөн пара байт харвааны тамирчин Дамбадондогийн Баатаржав "Бээжин-2008" зуны паралимпын XIII наадамд алтан медалийг хүртсэн анхдагч болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой байт харваач юм.  



Холбоотой мэдээ