Дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэг 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-07 17:38:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээврийн хэмжээг 2019 онд эрс нэмжээ.


Монгол Улс Ази-Европыг холбосон хамгийн дөт коридороор тооцогддог давуу байдлаа ашиглаж, эдгээр тив, улсуудын хооронд аялж байгаа чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн урсгалыг өөрийн нутаг руу татахад онцгой анхаарч байгаа.

Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргээр тээвэрлэсэн чингэлгүүдийг 20 футийн чингэлэгт шилжүүлж үзэхэд энэ оны эхний 7 сарын байдлаар 122.8 мянган чингэлэг буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.1 мянган чингэлгийг илүү тээвэрлэжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад, Европ болон ОХУ-аас БНХАУ руу 27.8 мянган чингэлэг, БНХАУ-аас Европын улсууд болон ОХУ руу 13.3 мянган чингэлгээр нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.


 Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоон үзүүлэлт:

Он

Европ болон ОХУ-аас БНХАУ руу

БНХАУ-аас Европ  болон ОХУ руу

Нийт дамжин өнгөрсөн галт тэрэг

2015

23

50

73

2016

65

102

167

2017

239

300

539

2018

355

500

855

2019

749

705

1454

2020-09-06

818

672

1490

 

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч буй ачааг шуурхай,  саадгүй хүргэх технологит ажиллагаа сайжирч, ачаа илгээгч, хүлээн авагч нарт таатай нөхцөл үүссэнээр БНХАУ-аас тээврийн шинэ маршрутууд нээгдэж байна. Тодруулбал,  БНХАУ-аас Беларусь, Унгар, Финлянд, Польш, Латви, Герман, Итали, Голланд, Украин зэрэг улс руу аялж эхэлж байгаагаас гадна ОХУ-ын Москва, Калининград, Екатеринбург, Новосибирск зэрэг муж руу аялах шинэ маршрут ч нэмэгджээ. Мөн Бельги, Герман, Польш, Беларусь улсаас БНХАУ руу, ОХУ-ын Краснадор, Тобольск, Москва хотоос шинэ маршрутаар аялах боллоо. Ийнхүү манай улсын нутгаар ачаагаа тээвэрлэх сонирхол улам бүр нэмэгдэж байгаа нь дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоо цаашид ч өсөхийг харуулж байна. Энэ оны эцэст Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоо өмнөх жилээс өсөж 2000 давах нь тодорхой болжээ. Төмөр замаар дамжин өнгөрөх чингэлгийн тээвэр нь зардал бага, өндөр ашигтай байдгаараа давуу талтай бөгөөд манай улсын эдийн засагт тодорхой үр ашгаа өгдөг ач холбогдолтой юм.


Далайн тээвэр нь төмөр замаас 2-3 дахин их хугацаа зарцуулдаг учир БНХАУ нь Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлж, Хятад-Орос, Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн урсгалыг нэмэхэд онцгой анхаарч байгаа нь УБТЗ-д ихээхэн боломж нээж өгсөн байна. Боломжоо ашиглахын тулд Ази-Европыг холбосон бусад коридор, тухайлбал Казахстан, Манжуурын тээврийн коридортой өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлэх шаардлага УБТЗ-ын өмнө тулгарчээ. Ингэхийн тулд УБТЗ тээврийн коридорынхоо давуу талыг гадны ачаа илгээгч, хүлээн авагч нарт сурталчлан таниулж, техник, технологи болон зохион байгуулалтын олон арга хэмжээ хэрэгжүүлжээ. Тухайлбал, сүүлийн гурван жил “Транзит Монгол” форумыг эх орондоо, мөн хөрш хоёр улсынхаа нийслэлд зохион байгуулснаас гадна УБТЗ-ын өртөө зөрлөгүүдийн замыг уртасгах,  шинэ зам тавих, шинэ зүтгүүр худалдаж авах, шилжүүлэн ачих шинэ терминалыг түрээслэн ашиглах, шинэ кальмар худалдан авах зэрэг техник, технологийн шинэчлэлт хийжээ. Мөн тарифын уян хатан бодлого баримталж холбогдох шаардлагыг хангасан замналын галт тэргэнд тээврийн хөлсний хөнгөлөлт үзүүлж  ирсэн байна. 

Холбоотой мэдээ