Ерөөлч магтаалчдын өвийг телевизийн цуврал нэвтрүүлгээр сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-09-07 16:39:33

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбараас МҮОНТ-ийн Түүх уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакцтай хамтран ерөөлч, магтаалчдын өв сангаар “Билиг билгийн дээж” цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. Энэ хүрээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат 9 дүүргийн болон 21 аймгийн 50 гаруй ерөөлч магтаалчийг өнөөдөр урьж, уулзалт зохион байгууллаа.


Уран зургийн галерейд болсон уг уулзалтад нэрт ерөөлч магтаалч, морь бөх цоллооч С.Мөнхжаргал, Өмнөговь аймгийн Ж.Дагвасамба, Архангай аймгийн Ү.Дүүбат, Завхан аймгийн И.Мөнхбаяр, Хэнтий аймгийн Ганчөдөр, Дундговь аймгийн ерөөлч Б.Эрдэнэбаатар, залуу өвлөн уламжлагч Т.Баатархүү нарын олон авьяастан ирсэн байв.


Монгол Улсад соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөн уламжилсан 105 билиг авьяастан бүртгэгдсэнээс ерөөл, магтаалын төрлөөр 4 хүн батламжлагдсан байдаг аж.


Энэ үеэр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “МҮОНТ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, та бүгдийг урьж авчирч, дахин давтагдашгүй гайхамшигт биет бус соёлыг хадгалан авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нэвтрүүлэг бэлтгэж байгаад Соёлын яамны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.  Соёлын биет бус өвийг хадгалах, хамгаалах ажил хэсэг хугацаанд орхигдоод байсныг төрийн болон хувийн хэвшил хамтран олон арга хэмжээг зохион байгуулж сэргээсэн. Одоогоор Соёлын яам өөрийн гэсэн байртай болох гээд яамныхаа байранд засвар хийлгээд байж байна. Цаашид соёлын биет бус өвийг өвлөн тээгч нарыг дэмжих, сурталчлах ажилд илүү анхаарч системтэйгээр үргэлжлүүлэх болно. Та бүхэн бол Монголоороо сэтгэдэг, монгол дархлааг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах хүмүүс билээ" хэмээв.


Ерөөлч магтаалчдын үндэсний төвийн тэргүүн, төрийн хан хуурч Ардын жүжигчин Ц.Цэрэндорж “Монгол орны үг хэллэгийн манлай болсон та бүхэн минь ерөөл, магтаалаа уянгалуулан, бадруулж, улам олон ерөөлч магтаалчийг дагуулан сургаж байхын бэлгэтэй сайхан ерөөлийг дэвшүүлж байна. Эрүүл энх, саруул сайхан байхыг хүсье” гэлээ.


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г. Билгүүдэй “Монголын уламжлалт соёлын биет өвийг МҮОНТ-ийн алтан сан хөмрөгт хадгалуулах гэж байгаад талархаж байна. Нүүдлийн ахуй соёлын орчинд эх хэл, өв соёл маань янзаараа байж байдаг. Уламжлалт өв соёлыг өвлүүлэн үлдээхээр холоос зорин  ирсэн  та бүгдэд талархал илэрхийлье. Ерөөлч магтаалчийг “Билиг билгийн дээж” нэвтрүүлэгт оролцуулж, телевизийн алтан сан хөмрөгт авч үлдэж байгаа нь өв соёлын хадгалалт хамгаалалтад чухал ач холбогдолтой.  Энэ ажил монгол хэлний элдэв зүйлийг хамгаалж, хадгалж үлдэхэд зайлшгүй хэрэгтэй үйл явдал учраас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид үүнийг ашиглан судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн болгон ашиглахаас гадна түгээх дэлгэрүүлж, сурталчлах ажилд хүчин зүтгэл гарган ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээ улам сайн сайхныг дагуулаасай гэж хүсэж байна” хэмээлээ.


Дээрх уулзалтын үеэр цуврал нэвтрүүлгийн зорилго чиглэлийн тухай МҮОНТ-ийн Түүх уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн албаны редактор Ц.Одонтуяа танилцуулахдаа, “ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбар, МҮОНТ-ийн Түүх уламжлал, өв соёлын нэвтрүүлгийн редакц хамтран Төрийн шагналт Д.Норовын “Билиг билгийн дээж” цуврал нэвтрүүлгийг үргэлжлүүлж, 21 аймгийн ардын авьяастнуудыг хамруулан нэвтрүүлгээ бэлтгэж байна. Энэхүү цуврал нэвтрүүлэг нь ерөөл магтаалыг сурталчлан таниулах, соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлах, ерөөлч магтаалчийг алдаршуулах зорилготой юм. Ерөөлч нь уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай байх ёстой бөгөөд магтаал хэлэхдээ урьдаас бэлтгэлгүйгээр шууд цэцэлж хэлдгээрээ онцлогтой юм. МҮОНТ-ийн 600-гийн студи энэ сарын 5-7-нд 60 гаруй ерөөл магтаалыг алтан сан хөмрөгтөө бичлэг болгон авч үлдэж байна. Нэвтрүүлгээ 10 сард олон нийтэд толилуулахаар төлөвлөж байна” хэмээв.

 

Уулзалтад оролцсон МУГЖ, лимбэчин Ө.Батжаргалаас урын сангийнх нь тухай тодруулахад, “Би 1972 оноос эхэлж ерөөл магтаал хэлж эхэлсэн. Надад Төрийн хан хуурч, ардын жүжигчин Ц.Цэрэндорж Өмнөговь аймгийн соёлын ордны хөгжмийн багш С.Чулуундорж нар хуур барих, ерөөл магтаал хэлэхийг зааж өгснөөс хойш 50 гаруй жил ерөөл магтаал хэлж байна. Шинэ байрны найр, хүүхдийн даахь үргээх ерөөл болон аялгуут магтаал, шог хошин яриа, үлгэр туулийн 100 гаруй урын сантай болсон байна. Өмнөговь аймгийн Хан хуур сумын Лүнтиг гэдэг хүн 65 настайдаа 1975 онд хэлж бичүүлсэн “Алтан егүзэр хаан” гэдэг туулийг хэлэх үүрэг надад оногдсон. Урьд нь ерөөлч магтаалч Х.Данжаад “Цэцэн хүү” гэдэг үлгэрийг аялгуулж хэлдэг байсныг миний бие өвлөн авсан. Энэ үлгэрийн аялгуунд “Алтан егүзэр хаан” туулийг хэлэхээр сургуулилж байна” хэмээлээ.



Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн “Манай Улс соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод нэгдэн орсон. Соёлын биет бус өвийг хадгалах хамгаалах олон үе шаттай ажил бөгөөд манай улс үе шат бүрт анхаарал хандуулж амжаагүй байна. Цаашид соёлын биет бус өвийг нэгдмэл цогц байдлаар хадгалж хамгаалахаар ажиллах болно. Соёлын биет бус өвийг орон нутагт нь хөгжүүлэхийг хичээнэ. Мэдээж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулан хөгжүүлэх чиглэлээр анхаарч, томоохон бодлогын ажлыг хэрэгжүүлнэ” гэлээ.

Холбоотой мэдээ