Утаа бууруулах чиглэлд хамтран ажиллахыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жилд
дунджаар 2500 хүн угаарын хийд хордож, 200 гаруй хүн эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж, 15-20 хүн амиа насаа алддаг судалгаа байна.
Энэ нь иргэд яндангаа хөөлдөггүй, зуух пийшингээ
битүүмжилдэггүй, буруу галлаж,
агаар сэлгэлт хийдэггүй, утаа мэдрэгчийг унтрааснаас
үүдэлтэй юм. Хэрвээ угаарын хийн
хордлогоос урьдчилан сэргийлэх, ард иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлэх, утаа бууруулахад иргэдийн
оролцоог нэмэгдүүлбэл дээрх тоон үзүүлэлт буурч, угаарын
хийн хордлогоор хүний амь эрсдэхгүй байх боломжтой гэдгийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний зөв
зохистой хэрэглээг дэмжих, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах
чиглэлээр өчигдөр зохион байгуулсан уулзалтын үеэр онцоллоо. Уулзалтад Монгол
Улсын Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Мэдээлэл,
харилцаа холбоо, технологийн төлөөлөл оролцсон юм.
Цаашид 150 мянган айлыг орон сууцжуулах төсөл, сайжруулсан түлшийг нэмэгдүүлэх, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, уурын зуухнуудыг шинэчлэх, цахилгааны тарифыг 0 болгох зэрэг ажил хийхээр төлөвлөснийг дурдлаа. Монгол Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнд мэдээлэл, харилцаа холбооны салбарыг дэмжин хамтарч ажиллахыг уриаллаа.
Агаарын бохирдлыг 80 хувь бууруулахыг зорьж энэ жил “Зөвлөмжийг дагая,
зөв хийе” уриалга гаргаж, нөлөөллийн аян зохион байгуулж байгаа. Мөн яндангаа хөөлөх, зуух
пийшингийн битүүмжийг шалгах, зөв галлах, агаар сэлгэлт хийх, сайжруулсан түлшний хүртээмжийг нэмье гэсэн кампанит ажлууд 10 дугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
Б.Болор-Эрдэнэ “Утаа зөвхөн
гэр хороолол, сайжруулсан түлш хэрэглэж буй иргэдийн асуудал биш хүн бүрт хамаатай. Иймд хүйтний улиралд хүний амь эрсдэхгүй, хэн
нэгэн хүн угаарын хийнд хордохгүйн тулд хэвлэл мэдээллийн байгууллага, оператор
компаниуд Засгийн газраас
хэрэгжүүлж буй энэхүү аяныг дэмжиж, утааг бууруулах чиглэлд хамтарч ажиллахыг
уриалсан юм.