Тусгай дансанд байршуулсан барьцаа мөнгөөр нөхөн сэргээлт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-09-08 15:39:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яам нь “Хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ногоон хөгжлийн арван ажил тусгасны нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх юм. Энэ онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглаж дууссан, нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа судалгаа гарчээ. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд анхаарал хандуулж, тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг нь цуцалж байгаа. Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажил хийх мэргэжлийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг 2019 оноос энэ он дуустал шинээр олгохгүй, эрх сунгахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ нь нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй зөрчил ихээр гарсантай холбоотой.

Өнөөдрийн байдлаар эрх бүхий мэргэжлийн 61 байгууллага нөхөн сэргээлтийн ажил хийж байна. Уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлдэг. Одоогоор тус дансанд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрсөн бөгөөд үүгээр Архангай аймгийн Цэнхэр сумын  531 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. Энэ газарт 1999 оноос ашиглалт хийж эхэлсэн учраас биологиийн нөхөн сэргээлт хийхэд хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй уулзах үеэрээ хэлж байв. 

Холбоотой мэдээ