“Apple” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-09-09 11:40:28

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг есдүгээр сарын 15-нд товлосон талаар тус компанийн цахим хуудсанд мэдээлжээ.


Энэхүү арга хэмжээ виртуал горимд явагдах бөгөөд Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple Park” кампусаас дамжуулах аж. Танилцуулах арга хэмжээ АНУ-ын Баруун эргийн цагаар 10.00 цагт эхэлнэ.


“Apple” компани уламжлал ёсоор жилд хоёр удаа ийм танилцуулга хийдэг бөгөөд хамгийн орчин үеийн, дэвшилтэт бүтээгдэхүүнээ намар олон нийтэд үзүүлдэг.


Сүүлийн саруудад өөрийгөө тусгаарлах дэглэм үргэлжилж, төхөөрөмжүүд болон харилцаа холбооны үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Apple” компанийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт тогтвортой нэмэгдэж, улмаар хувьцааны үнэ болон зах зээлийн үнэлгээ мэдэгдэхүйц өссөн юм. Тодруулбал, наймдугаар сарын 19-нд тус компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.доллар давсан билээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт компанийн үнэлгээ энэ хэмжээнээс доош унажээ.


Холбоотой мэдээ