Г.Эрэгзэн: Манай археологич эрдэмтэд сүүлийн 20-30 жилд маш олон олдвор илрүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-09-09 18:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын  археологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд сүүлийн 20-30 жилд маш олон олдвор дурсгалын зүйлийг олж илрүүлжээ. Энэ жилийн хувьд хамгийн их шуугиан дэгдээсэн сенсацитай мэдээлэл нь эртний хотын ул мөр буюу “Луут хот” хэмээх түүхэн дурсгалт газрын тухай мэдээлэл юм.


Чингис хааны өв соёлын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгээс
Дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг
өнөөдөр УДЭТ-ын өмнөх талбайд танилцуулсан. Энэ үеэр
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор Г.Эрэгзэнгээс археологийн салбарын онцлог олдворуудын талаар тодруулав.


Тэрээр, “Манай  археологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд Хүннүгийн язгууртны булшнуудын судалгаа, Хүннүгийн хотын судалгаа, Чулуун зэвсгийн  үеийн хүний ул мөрийн судалгаа, Уйгарын үеийн булш оршуулгын судалгаа, хот суурины судалгаа, Түрэгийн үеийн язгууртны онгоны судалгаа, Кидан болон Монголын эзэнт гүрний судалгаа зэрэг маш олон судалгаа шинжилгээний ажлыг хийдэг. Энэ дотроос онцолмоор нэлээн олон дурсгал байгаа. Жишээ нь, манай фазерикийн судалгаа  2007 онд дэлхийн шилдэг 10-т  багтсан.

Өнгөрсөн жил Улаанбаатарын их сургуулийн доктор, профессор Д.Эрдэнэбаатарын удирдсан Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгаа” дэлхийн шилдэг 10 судалгаа шинжилгээний ажилд багтсан.

Энэ жилийн хувьд хамгийн их шуугиан дэгдээсэн сенсацитай мэдээлэл нь эртний хотын ул мөр буюу “Луут хот” хэмээх түүхэн дурсгалт газрын талаарх мэдээлэл болж байна. Дээр нь бас хоригийн дурсгалууд байна. Луут хот гээд байгаа дурсгал  хэдэн жилийн өмнө нээгдсэн. Энэ жил Улаанбаатарын их сургуулийн багш, дэд профессор Т.Идэрхангай малтлага судалгаа хийсэн юм. Энэ судалгааны үндсэн дээр, ямар ч гэсэн Хүннү гүрний хаан Шанью сууж байсан ордны үлдэгдэл байх магадлалтай газрыг  илрүүлсэн. Хүннүгийн Шанью  Лунчан гэдэг газар амьдардаг байсан гэх мэдээ хятад сурвалжид байдаг. Энэ эх сурвалжид тэмдэглэсэн хот байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа. Одоо цаашдаа үргэжлүүлэн судална.

Өмнөх жилүүдэд  шар тос олдсон Дархадын хотгорт байдаг Хориг хэмээх газарт тоногдсон булшнууд байдаг. Энэ жил манай хүрээлэн энэ газарт судалгаа хийсэн. Уг судалгааны үндсэн дээр нэлээн сонирхолтой хэд хэдэн зүйлс илрүүлсэн. Энэ талаар ойрын үед албан ёсоор мэдээлэл өгөхөөр бэлдэж байна" гэв.


Мөн үзэсгэлэнгийн үеэр, археологийн олдворуудын авран хамгаалах судалгааг хэрхэн хийж буй талаар ШУА-ийн археологийн хүрээлэнгийн дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Хүрэлсүхээс мэдээлэл авлаа.

Тэрээр, “Сүүлийн үед соёлын өвийн талаар нэлээд эрчимтэй арга хэмжээ авч байгаа. Бид энэ зун Архангай аймгийн Батцэнгэл сумын нутагт Хүрэл зэвсгийн үеийн жижиг хирэгсүүр, чулуун дардастай булшнуудыг малтан шинжилсэн. Тэндээс огт тоногдоогүй, бүтэн сайхан оршуулгыг, ясан чимэглэл, хүрэл зэв, зоос зэрэг эд өлгийн зүйлс түгээмэл олдсон. Тэндээс маш сайн хадгалагдсан, ясан чимэглэлүүд гарсан. Одоо сэргээн засварлаж байна. Судалгаа шинжилгээний ажил давхар явагдаж байгаа. Тун саяхан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Хориг ууланд Соёлын яамны дэмжлэгтэйгээр авран хамгаалах судалгаа хийсэн. Энэ судалгаагаар тэнд байгаа булшнуудыг бүртгэх, зарим тоногдсон булшнуудын шороог шигших, бүтэн үлдсэн ганц нэг цөөхөн дурсгалыг малтан шинжлээд байна" гэв.


                                                                                                                                                                                   Э.Ариунзул

Холбоотой мэдээ