Шадар сайд Я.Содбаатар баруун аймгуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-11 11:01:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  хүрээнд Ховд аймагт баруун бүсийн аймгуудын Засаг дарга нартай  уулзалт, зөвлөгөөн хийж байна.

2019-2020 оны өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байснаас 8 аймгийн 36 суманд “цагаан зуд”-ын, 16 аймгийн 58 суманд “цагаан зудархуу” нөхцөл байдалтай байсан. Баруун аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 1-ний байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна. 

Цаг агаарын мэдээгээр нутгийн өмнөд хэсгээр буюу зуншлага тааруу байгаа нутгаар хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаан байгаа тул зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож байна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахын тулд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах үүрэг, чиглэлийг өглөө.

  • Цаг агаарын нөхцөл байдал,
  • Өвс тэжээл бэлтгэх,
  • Мал мах бэлтгэх,
  • Отор, нүүдлийн,
  • Өвлийн дулаан хангамж,


Салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах болон Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Баруун аймгуудын хувьд ялангуяа Баян-Өлгий, Завхан, Увс, аймгийн нутгаар цасан бүрхүүл эрт тогтож, өвлийн улирал үргэлжлэх хугацаа урт байдаг онцлогтой тул өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс онцгой анхаарах шаардлагатай байна.

Засгийн газар, УОК-оос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч анхаарч ажиллана.

Баруун таван аймгаас Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Баян-Өлгий, Ховд аймгийн урд талын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй гэдгийг аймаг орон нутгийн удирдлагууд танилцуулсан талаар Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  


Холбоотой мэдээ