3500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг энэ онд багтаан хүлээлгэн өгнө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-11 20:46:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улс, аймгийн баяр наадам болон спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой 3500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг Алтай хотод бүтээн босгож байна. 


Гүйцэтгэгчээр тус аймгийн “Арвин бэлт” ХХК сонгогдон энэ оны долоодугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа ажээ. Улсын төсвийн 6,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тохижилт болох авто зогсоолын газар шорооны ажил, суурь цутгалт болон А,Б блок буюу төв тайз, хүндэтгэлийн асрын барилгын цутгалтын ажлыг одоогоор хийж байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.

“Арвин бэлт” ХХК аравдугаар сард багтаан бетон цутгалтын ажлаа гүйцэтгэн, энэ оны 12 сард багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. 

Эл цэнгэлдэх хүрээлэнг зохион байгуулалтын хувьд гаднаа 1000 автомашины зогсоолтой, 3500 хүний суудалтай, хоёр талдаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, хөнгөн атлетикийн зам, нар салхины халхавчтай байхаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ