Нийтийн эзэмшлийн 400 зам талбайг чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-11 16:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/513 тоот захирамжаар 139 байршилд зөрчил арилган, 400 обьект чөлөөлснийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Засаг даргын зөвлөлийн хуралдаанд ажлаа танилцуулахдаа хэлэв.  

Нийт 151 байршилд 437 обьект чөлөөлөхөөр төлөвлөжээ. Иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гарааш барьснаар нийтийн эзэмшлийн талбайн орц гарц, явган хүний зам хаагдсан тухай 585 өргөдөл, гомдол, байгууллагын цахим хуудсанд 300 гаруй мэдээлэл Нийслэлийн Засаг дарга болон тус албанд ирүүлснийг ийнхүү шийдвэрлэжээ.

“Газар чөлөөлснөөр 30 байршилд явган хүний зам хаасан орц, гарц нээгдэж, 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэх, ногоон байгууламжийн тохижилт хийх боломж бүрдүүлж, 20 байршилд авто болон явган зам, автомашины зогсоол тохижилт хийх боломжтой болж, 57 байршилд нийтийн эзэмшлийн 102041м2 газар, 48 байршилд явган хүний 4167м урт зам чөлөөлснөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах боломжтой боллоо. Үлдсэн байршилд газрын зөрчил арилгах ажлаа эрчимтэй хийнэ” гэж А.Энхманлай танилцуулгадаа онцлов.

Холбоотой мэдээ