Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захиалгаар “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсрууллаа.
Баянзүрх дүүргийн 20, 23
дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт, Хожуулт уулын Сайрын
ам, Улиастайн хөндий, Улиастайн ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд нутаг дэвсгэр, газарзүйн байрлалын онцлогийг
харгалзан төлөвлөлтийн гурван хэсэгт эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес үйлчилгээ,
амралт зугаалга, аялал жуулчлалын бүс үүсгэн хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ газрыг хотын иргэд, оршин суугчдын чөлөөт
цагаа ая тухтай өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн эко амралт
зугаалга, эрүүл мэндийн ногоон бүс бий болгож хөгжүүлэх зорилготойг Нийслэлийн
Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн
Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг
түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав. Асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр
боллоо.
Тэрбээр, Хан-Уул
дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй
болсон нийтийн орон сууцны “Арьс ширний 26 дугаар байр”-ыг буулган, дахин барилгажуулах төслийн гадна инженерийн
шугам сүлжээний ажлын мэдээлэл болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах талаар ч мэдээллээ.