МАА-н салбарт эн тэргүүнд хэрэгжүүлэх 3 ажлыг нэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-09-11 16:57:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах төлөвлөлтийн процессын үнэлгээгээр тус салбарт эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай 3 ажил байгааг мэргэжилтнүүд нэрэллээ.


Монгол Улсын усны зөвлөх инженер, Монголын усжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ш.Баранчулуун тус үнэлгээний танилцуулгыг пүрэв гарагт ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдэд нээлттэй хэлэлцүүлж саналаа солилцсон байна.


Үнэлгээгээр тус салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх 3 ажил байгаа гэдэгт мэргэжилтнүүд санал нэг байсан юм. Эн тэргүүнд, малын тоо толгой, сүргийн бүтцийн зохицуулалт хийх, хоёрт, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, гуравт, бэлчээрийн менежментийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна.


Иймд цаг алдалгүй малын тоог цөөлж хөгширсөн эр сувай голдуу малыг таваарт шилжүүлэх, хээлтэгчийг нийт малын 70 орчим хувьд байлгахаар тооцож насыг залуужуулах, нэг хээлтүүлэгчид ноогдох хээлтэгчийн тоог цөөлөх, сайн чанарын малаа ялган авч үлдэх гэсэн хөрөнгө зардал шаардахгүй ажлуудыг хийх нь чухал байгаа аж.


Доктор Ш.Баранчулуун: “Малын тоог зохистой хэмжээнд хязгаарлахгүй замбараагүй олон болгох аваас тун удахгүй мал ч үгүй, бэлчээр ч үгүй сүйрэлд хүрч энэ салбар эргэж сэргэтлээ олон жилийг туулах эмгэнэлт дүр төрх нүүрлэх магадлал маш өндөр байна. Өвс тэжээлийн нөөц, бэлчээрийн даацаар тооцоход нэг худаг, уст цэгт 3500 хонь толгой мал ноогдож байхад бэлчээр тэгтлээ талхлагдаж доройтохгүй. Харин өнөөдөр 8-10 мянган хонь толгой мал ганц худгийг тойрон шавж өнжиж байгаа нь нэн зохисгүй, давагдашгүй байдлыг бий болгож байна. Энэ нь мал тарга хүч авахгүй, бие давжаарч, онд тааруу орж, ашиг шим муудахын эх үндсийг тавьж байгааг хаана хаанаа анхаарах цаг болсныг дээрх үнэлгээний дүн бидэнд нотолж байна.


Ер нь шууд онцлон анхааруулахад бэлчээрийн тухай хуулийг даруйхан батлан мөрдүүлж, бэлчээрийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, малын хөлийн татвартай болгох, малын усалгаанаас ус ашигласны төлбөр авдаг болох хэрэгтэй байна. Мөн энэ татвар хураамжийн ихэнхийг мал аж ахуйн хөгжилд зарцуулдаг болсноор эргэлтийн шинжтэй бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Ажил, амьдралын ухаан суугаагүй айлын эрх хүүхэд нас биед хүрсэн хойноо эцэг эхдээ зовлон болдог шиг төрөөр хэт халамжлуулсан малчид маань эцэстээ улс орны эдийн засаг, байгаль орчин хоёрыг хамтад нь сүйтгээд өөрсдөө хотын зах бараадах дүр төрх харагдсаар байна. Ийм асуудал үүсэх нөхцөлийг бүү бүрдүүлээсэй гэсэндээ судалгааны дүнг та бүхэнтэй хуваалцлаа. Олон хүнд таалагдахгүй л байх. Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны дүгнэлт та бидний хэнд ч тал засахгүй. Энэ судалгаатай дүгнэлтийг малчид, малчдын хоршооны удирдлага, аймаг, сумдын удирдлагуудад хүргээрэй” хэмээн онцолж байсан юм.  

Холбоотой мэдээ