Хүний эрхийн зарим зөрчлийг арилгах үүрэг өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт 9 дүгээр сарын 9-12-нд ажиллав. Энэ үеэрээ хүний эрхийн зарим зөрчлийг долоо хоногийн дотор арилгаж, асуудлыг яаралтай шийдэхийг тус аймгийн удирдлагуудад ХЭҮК-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд үүрэг болголоо.
Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн, ил задгай хиймэл нуур үүсгэсэн, тус байгууламжид ашиглаж байсан химийн хорт бодис 1988 оноос хойш хадгалагдаж, сүүлийн 17 жил хаягдлын шинжтэй орхигдож аваачих газаргүй болсон. Хаяанд нь хүүхдийн цэцэрлэг барьж, иргэдийн суурьшлын бүс оршиж байгаа зэрэг нь Өлгий, Бугат сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэд ноцтой аюул учруулахаар байгаа аж.
Түүнчлэн, Баян-Өлгий аймаг дахь Хөдөлмөр, нийгмийн халамжийн төвийн харьяа Ахмад настны асрамжийн төвийн орчин нөхцөл муу байгааг Хүний эрхийн Үндэсний Комисс
2018 онд тогтоож, асуудлыг шийдүүлэх санал, зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл тус асрамжийн газрын барилгын ажлыг дуусгаагүй, царцаасан байдалтай, асруулагчдад тавих анхаарал халамж сул, хайхрах хүнгүй, орхигдсон шинжтэй, хүний наад захын хэрэгцээ шаардлага хангахгүй хэвээр байгааг тэрбээр шүүмжлэв.