УБТЗ:Орон нутгийн нүүрс тээвэрлэлт 96.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-15 10:54:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын орон нутгийн ачаа тээврийн 30 хувийг дотоодын нүүрсний уурхайнуудаас дулааны цахилгаан станцууд руу тээвэрлэж буй эрчим хүчний нүүрс эзэлж байна.   

Энэ оны эхний 8 сарын байдлаар УБТЗ 53.717 вагон, 3 сая 544.2 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Энэ нь нүүрс тээврийн төлөвлөгөөгөөр 96.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас татах нүүрс тээвэрлэлтийг эхний 8 сарын байдлаар төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа хийж байгаа бол Шарын голын уурхай энэ оны эхний саруудад ажиллаагүйгээс нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө тасрахад хүрчээ. Одоо дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн хэмжээнд байна. 


УБТЗ ХХН алдагдалтай үнэ тарифын улмаас орон нутгийн нүүрс тээвэрлэлтээс жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Тээврийн тарифаа нэмсэн тохиолдолд цахилгаан дулааны үнэ төлбөр нэмэгдэх эрсдэлтэй тул иргэд, ААН-үүдийн хүлээх үнийн дарамтаас сэргийлж “Улаанбаатар төмөр зам” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд их хэмжээний алдагдлыг үүрч ард иргэд, аж ахуйн байгууллагуудыг дулаан, цахилгаанаар тасралтгүй хангах үүргээ гүйцэтгэж байна.



Холбоотой мэдээ