Шүүгдэгч Н.Баярсайхан нарын шүүх хурал хойшлов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-15 18:26:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүгдэгч Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 21-ний 9 цаг хүртэл хойшлуулав. 


Н.Баярсайхан нар нь УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Иймд Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэж байсан. Гэхдээ Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзэж байгаа юм. 


Шүүх хурлыг өмнө нь энэ сарын 14-ний 9 цагт товлосон боловч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй. Харин шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна. Иймээс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна.


Түүнчлэн МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ, харин С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан болон шүүгдэгч Э.Аззаяа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэх гэмт хэрэгт;

Шүүгдэгч МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч  Ш.Тэгванданд мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гэмт хэргийн хамжигч, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-т хахууль авах буюу албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн гэмт хэрэгт;  

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч шүүгдэгч  Г.Элдэв-Очир болон тус газрын улсын ахлах байцаагч С.Бүрэнтөгс нарт эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн гэх үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 


Холбоотой мэдээ