Ургац хураалт 41,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-16 09:40:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд ургац хураалт 41,2 хувьтай явж байгаа тухай Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Тус аймаг энэ онд инженерийн хийцтэй 16 услалтын системийг түшиглэн 1502 га-д тариалалт хийжээ. Тухайлбал, үр тариа 392,5 га-д, төмс 86 га-д, хүнсний ногоо 67 га-д, малын ногоон тэжээл 724,6 га-д, жимс жимсгэнэ 101 га-д, эмийн ургамал 131 га-д тариалсан байна. Есдүгээр сарын 10-ны байдлаар нийт 617,6 га-аас 1742,5 тн ургац хураан авчээ. Үүнд үр тариа 7,6 га-аас 19,4 тн, төмс 16 га-аас 111 тн, хүнсний ногоо 20 га-аас 191 тн, ногоон тэжээл 561 га-аас 1372 тн, жимс жимсгэнэ 13 га-аас 48,9 тн-ыг тус тус хураасан байна. 

Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас өнгөрсөн онд тариалан эрхэлдэг, цаашид энэ салбарт хүч үзэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг явуулахад 600-д хүрсэн байна. Хатуу ширүүн уур амьсгалтай, хур тунадас багатай учир тус аймагт тариалалт харьцангуй хожуу эхэлдэг ажээ. Тиймээс ч газар тариалангийн ажлыг зөвхөн услалтын системийг түшиглэн явуулдаг онцлогтой ажээ. Түүнчлэн таримлын төрлийг дагнан тариалах бүс нутаг олон бий. Тухайлбал, Халиун сум төмс, Тайширын Хуримт, Чандманий Хүрхрээ, Баянтооройн Шугуй хаяа гэх мэт бүс нутгууд улаан буудай дагнан тариалж байна. Харин Алтай, Бигэр сум болон Баянтоорой тосгонд жимс жимсгэнэ тариалах боломжтой. Цаг уурын байдал, тариаланчдын нөөц боломжоос шалтгаалан аймгийн нийт хүн амын төмсний 25-40 хувь, хүнсний ногооны 18-25 хувь, жимсний хоёр хувийг хангаж байна.


Холбоотой мэдээ