МҮОХ-ны  төлөөлөгчид  Японы Элчин сайд Кобаяаши Хироюүкитэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-16 11:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүкигийн урилгаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр тус улсын ЭСЯ-нд зочлов.


Уг уулзалтаар "Токио - 2020" олимпын наадмын  бэлтгэл ажил, Монголын багийн хөгжөөн дэмжигчдийн визний асуудал, олон жуулчдын сэтгэлийг татдаг Токио цамхгийн  гаднаx талбайд байгуулах "Mongolian House" төсөл,  их спортын карьер нь өндөрлөсөн тамирчдыг Японд суралцуулах боломж, өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх зэрэг хамтын  ажиллагааны асуудлаар санал бодлоо нухацтай солилцов. 


Уулзалтад ОУОХ-ны гишүүн,"Токио-2020" Монголын багийн ахлагч /Шеф-де-миссион/ Б.Баттүшиг, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничиро, Соёлын хэлтсийн дарга Ичиока Акира нар оролцлоо.


Элчин сайд Кобаяаши Хироюүки: "Бээжин 2008" олимпын наадмаас Монголын баг  анхны алтан медаль хүртсэн үеийг эргэн дурсахад таатай байдгаа илэрхийлээд Олон улсын тавцанд амжилт үзүүлсэн тамирчин нь спортын замналаа дуусгасны дараа нийгмийн амьдралд  шилжих асуудал маш чухал сэдэв бөгөөд цаашид бид энэ чиглэлээр тухайн тамирчныг хэрхэн дэмжих арга замыг тууштай судалж,  мэдээлэл хүргүүлэх болно. Токиогийн олимпын наадмын үеэр дэлхийн олон орноос спортын жуулчид, хөгжөөн дэмжигчид Япон улсад очно. Энэ жуулчдыг Монгол Улсад аялуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Монголын баг тамирчдад олимпын өндөр амжилт хүсье" хэмээлээ.



Элчин сайд Кобаяаши Хироюүки нь монгол хэл судлалын  мэргэжлээр АНУ-ын Индианагийн их сургууль, МУИС-ийг тус тус  дүүргэж, 1986 онд Монгол дахь Японы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга, 2005 онд  мөн ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Дипломат байгууллагын дэд тэргүүнээр ажиллаж байсан аж. Тэрбээр 2019 оны 11 дүгээр сараас Япон улсаас Монгол улсад сууx Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон  ажиллаж байна.

Холбоотой мэдээ