Ноос, ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдийн ойлголт, мэдлэгийг тодорхойлох судалгааг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-16 11:39:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн талаарх хэрэглэгчдийн ойлголт, худалдан авах чадварыг тодорхойлох судалгааны үр дүнг танилцуулах уулзалт боллоо. Уулзалтад тогтвортой үйлдвэрлэлийн зарчим, шаардлагуудыг хэрэгжүүлэх сонирхолтой, тогтвортой үйлдвэрлэлийн анхан шатны сайн туршлагаас хэрэгжүүлж эхэлж буй 20-иод үйлдвэр, компанийн захирал, маркетингийн ажилтан, хэрэглэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Өмнө нь ийм төрлийн судалгаа хийгдэж байгаагүй тул зочид мэдээлэл бүрийг лавлан асууж, тус бүрийг нь өөрсдийнхөө нөхцөл байдалд хэрхэн ашиглаж болох талаар саналаа хэлж, маркетингийн шийдэл, загваруудаа харилцан ярилцаж, туршлагаа солилцож идэвхтэй оролцлоо.  Судалгааг AVSF Монгол байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн захиалгаар Y&R компани хийж гүйцэтгэсэн байна.


Үр дүнгээс нь тоймлон хүргэвэл, судалгааг нийт 500 хэрэглэгчийн дунд хийж, зорилтот бүлгийн хувьд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг жилд нэгээс дээш удаа худалдан авдаг, өрхийн сарын дундаж орлого нь 1,5 сая төгрөгөөс дээш Улаанбаатар хотын оршин суугчид байв. Юуны түрүүнд хэрэглэгчдийн байгаль орчны асуудалд хэрхэн ханддаг талаар тандан асуухад судалгаанд оролцогчдын 85% нь байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулдаг, өдөр тутмын хэрэглээгээ аль болох ул мөргүй байлгахыг хичээдэг, мөн бэлчээрийн доройтол, цөлжилтийн асуудал байгаль орчны хамгийн тулгамдсан асуудал болсонд сэтгэл зовнидог гэжээ.  

Харин тогтвортой бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг тухайн хэрэглэгчийн боловсролын түвшнээс шалтгаалж ялгаатай байлаа. Оролцогчдын 17% нь тогтвортой бүтээгдэхүүний талаар сонсож байсан, “Байгаль орчинд ээлтэй, хүний сайн сайхан байдлыг харгалзсан, эдийн засгийн хэмнэлттэй аргаар хийсэн бүтээгдэхүүнийг тогтвортой гэж нэрлэнэ” гэсэн байв. Харин ихэнх оролцогчид “тогтвортой” гэх орчуулгыг хэл шинжлэлийн үүднээс дахин хянаж, монголчуудын сэтгэлгээнд тохирсон үгээр нэрлэхгүй бол иргэдийн дунд зөрүүтэй ойлголт төрүүлж байна гэжээ.


Дотоодын үйлдвэрүүдийн тогтвортой үйлдвэрлэлийн талаар асуухад хэрэглэгчид ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтвортой явагддаг гэдэгт эргэлздэг, эсвэл энэ талаар бодож үзэж байгаагүй, судлах хэрэгтэй хэмээв. Харин тогтвортой бүтээгдэхүүний талаар тайлбарлаж ойлгуулсны дараагаар нийт хэрэглэгчдийн 93% нь байгальд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй, эдийн засгийн үр ашигтай аргаар бэлтгэсэн түүхий эдээр үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдаж авах сонирхолтой байна. Тогтвортой үйлдвэрлэлийн олон шалгуураас химийн бодисын ашиглалтын стандартуудыг хангасан эсэхийг юуны түрүүнд чухалчилж үзнэ хэмээн судалгаанд оролцогчдын 35% нь онцолсон. Үүнээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын нийгмийн асуудлыг харгалзан үзсэн, эдийн засгийн үр ашигтай тухай мэдээлэл бүхий шошготой, бүх шаардлагууд нь холбогдох стандарт, дүрэм журмын дагуу баталгаажсан байх тохиолдолд 55% хүртэлх нэмүү өртөг төлөхөд бэлэн байна хэмээн оролцогчдын 18% нь хариулжээ. Түүнчлэн худалдан авалт хийхэд худалдааны ажилтны мэдлэг, мэдээлэлтэй байдал чухал байдгийг хэрэглэгчид онцолж, худалдааны ажилтныг сургаж, тогтвортой бүтээгдэхүүний ач холбогдлыг сайтар ойлгуулж, худалдаж авах сонирхол төрүүлж чадахуйц мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй гэв.  

 

“Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн менежер Др. У.Сарангоогоос судалгааны үр дүнгийн талаар тодруулан асуухад: “Судалгаанаас харахад тогтвортой бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, хэрэглэгчдийн сонирхол, хандлага өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Иймд чухам яг л энэ цаг үед оролцогч бүр тогтвортой байдлын мөн чанарыг ойлгож, хэрэглэгчдэд үнэнч сэтгэл гаргах нь чухал юм. Тогтвортой байдлыг хангах хамгийн анхан шатны шалгуур нь нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч тал бүрийн ёс зүй. Тэгэхлээр малчнаас хэрэглэгчийн сагс хүртэлх гинжин хэлхээ бүрт тогтвортой байдлын зарчим, ёс зүйн дүрмүүд үйлчилж байж л сая та “бид тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч танд хүргэж байна” гэж зоригтой хэлж чадна шүү дээ. Иймд тогтвортой үйлдвэрлэл үйлдвэрлэгчийн хувьд маш том хариуцлага. Монголын хэрэглэгчид маань гэрчилгээжсэн тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдан авахыг чухалчилж, алсдаа тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна”, хэмээн онцолж байлаа. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг хуудаснаас аваарай. 

Холбоотой мэдээ