Эрдэмтэн багш нарын намтар, бүтээлээр “Мэргэдийн алтан ном” гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-16 14:23:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо санаачлан тус сургуулийн үе үеийн багш, эрдэмтдийн намтар, бүтээлээр “Мэргэдийн алтан ном” гаргаснаа өнөөдөр танилцууллаа.


МУИС-ийг үүсгэн байгуулсан төр нийгмийн зүтгэлтэн, салбар бүрийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан, гавьяат багш нараа алдаршуулах зорилгоор бүтээсэн уг номд 116 эрхмийн хөрөг хайчилбар, намтар, эрдэм шинжилгээний хураангуй зэргийг багтаажээ.


МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооноос 2019 онд хийсэн судалгаагаар уг сургуулийн багш нараас Улсын баатар нэг, Хөдөлмөрийн баатар хоёр, Ардын уран зохиолч хоёр, Ардын багш долоо, Гавьяат багш 55, Төрийн шагналтан зургаа, Академич 4, МУИС-ийн Эмерит профессор долоон хүн төрөн гарсан бөгөөд Шинжлэх ухааны доктор, профессор нийт ахмад багш нарын 90 хувийг эзэлж байгаа юм.


Тус номын талаар МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны тэргүүн, Хууль зүйн сургуулийн багш Ж.Жавзандулам хэлэхдээ, Энэхүү номд дэлхийн II дайны дараах цагаас үндэсний сэхээтнүүдийг бэлтгэж эхэлсэн сургууль, багш ажилчдыг залуу үедээ таниулах дуурсган, алдаршуулахыг зорилоо. Ном бүтээх явцад зарим хүний намтар, түүх, зураг бүдгэрч мартагдсан, тодорхой мэдээлэл олж авахад хүндрэлтэй байсан. Хойшид илүү нарийн судалгаа хийх хэрэгтэй байна. МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо үргэлжлүүлэн ахмад багш нарын намтар, түүхээр дараа дараагийн номыг гарганагэлээ.

Ш.Мөнхбаяр


Холбоотой мэдээ