ХСҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-17 16:07:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д эмнэлгийн багаж, хэрэгслийг  олон улсын стандартад нийцсэн түвшинд ариутгах боломж бүрдлээ. 


Тус эмнэлэгт өнөөдөр төвлөрсөн ариутгалын тасгийн барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн нээлтийн ёслол болсон юм. Тодруулбал, ХСҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгад 257 сая төгрөгөөр их засвар хийж, 14 нэр төрлийн 19 ширхэг 844.5 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өгчээ.


Монгол Улсын Засгийн газар,  Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийг ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр 2013 оноос эхлэн 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хэрэгжүүлээд байгаа юм.


Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад  байгаа коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх,  эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дээрх ёслолын үеэр эмч нар онцолж байв.

 

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк “COVID-19”-өөр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор  30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг энэ оны 5 дугаар сард байгуулжээ. Тус санхүүжилтээр Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийг иж бүрэн шинэчилж,  нийслэл төдийгүй  орон нутгийн  түвшинд мэс заслын болон дурангийн давтан хэрэглэх багажийн халдваргүйтэл, ариутгалыг олон улсын жишиг стандартад хүргэхээр төлөвлөсөн аж.


Холбоотой мэдээ