“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-17 22:51:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжинэ.


Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46,2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020-2026 онд хэрэгжүүлэхээр болсон билээ. Говь-Алтай аймаг нь хатуу ширүүн уур амьсгалтай, хур тунадас багатай учир тариалалт харьцангуй хожуу эхэлдэг бөгөөд газар тариалангийн ажлыг зөвхөн услалтын системийг түшиглэн явуулдаг ажээ. Үүнтэй холбоотойгоор дээрх төслийн хүрээнд тус аймгийн Жаргалан сумын Цахир, Халиун сумын Ёлтонгийн услалтын системүүдийг сэргээн засварлахаар болжээ. 

Говь-Алтай аймагт бүртгэлтэй 600 гаруй тариалан эрхлэгч байдаг ба тэд цаг уурын байдал, өөрсдийн нөөц боломжоос шалтгаалан орон нутгийнхаа нийт хүн амын төмсний 25-40 хувь, хүнсний ногооны 18-25 хувь, жимсний хоёр хувийг хангадаг тухай ХХААГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ