Шаамар-Зэлтэрийн автозамыг ирэх жил ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-18 14:08:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомтын 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай өнөөдөр танилцав.


Монгол Улсад атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ноднин тохиосон бөгөөд Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчид үе үеийн Засгийн газарт хандан Сэлэнгэ аймгийн ургац тээвэрлэлт явагддаг тээврийн гол ач холбогдолтой авто зам тул хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар иржээ. Иймд тус замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж, концесс эзэмшигчээс авто замыг 2021 онд барьж дуусган, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2022-2025 онд авахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомтын 120.85 км хатуу хучилттай авто замын төсөл"-ийг барих, шилжүүлэх нөхцөлөөр "Монгол ЛЗ зам гүүр" ХХК гүйцэтгэхээр болсон юм. Төслийн авто замын зөвлөхийн хяналтын компаниар Эм си пи си Жи ар, Хязгааргүй хөдөлгөөн ХХК -ийн түншлэл ажиллаж байна.


Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Авто замыг зураг төслийн дагуу ирэх жилийн 10 дугаар сарын 31-нээс өмнө ашиглалтад оруулах аж.  Уг зам Улаанбаатар -Дархан- Алтанбулагийн авто замын 302 дах км-ийн орчмоос эхэлж, Шаамар сумын урд төмөр замтай хоёр түвшинд огтлолцон Орхон голын одоо байгаа гүүр, Зүүнбүрэн сумын хойд талаар дайрч, Сэлэнгэ мөрний салааны гүүр, Бүдүүний гүүрээр гарч, Цагааннуур сумын урдуур гаран Нарийны Даваагаар давж, Түшиг сумын хойд талаас баруун гар тийш эргэн Монгол Улс, ОХУ-ын хилийн Зэлтэрийн боомт руу хүрч дуусна.

Холбоотой мэдээ