Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллалаа

Фото
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-20 20:48:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ерөнхийлөгчийг М.Икей баатрын нэрэмжит төв талбайд Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, аймгийн удирдлага, ард иргэд угтаж авлаа. Түүнийг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Санжмятав, орон тооны бус зөвлөх Ш.Жандос нарын албаны хүмүүс дагалдаж явав.   


548 эхэд "Эхийн алдар" одон гардуулав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 13:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт тус аймгийн эхчүүдэд «Эхийн алдар» одон гардууллаа.

"Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 548 эхэд "Эхийн алдар" одон гардуулж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Энэ жил тус аймгаас "Эхийн алдар" І зэргийн одонг 82, ІІ зэргийн одонг 466 эх хүртсэн байна. Үр хүүхдийнхээ гэрэлт наран, гэр бүлийнхээ ивээлт саран болсон сайхан эхчүүддээ дахин баяр хүргэе. Хүүхэд өсгөж хүмүүжилнэ гэдэг аз жаргалтай атлаа өндөр хариуцлагатай ажил юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг зөв хандлага, ёс зүйтэй, боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж байгаа нь эхчүүдийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулж байгаа үнэлж баршгүй хувь нэмэр» хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардуулах үеэр тэмдэглэн хэллээ.


"Азат" компанийн махны үйлдвэртэй танилцлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардуулах ёслолын ажиллагааны дараа Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг «Азат» компанийн махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус үйлдвэр нь өдөрт 200 бод мал, 800 бог мал нядлах, есөн тонн бод, зургаан тонн бог малын шулсан мах, таван тонн чанасан мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай. Цаашид бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж байгааг компанийн удирдлагууд танилцууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга, "2018 онд Шиндао хотод болсон уулзалтын үеэр, Монгол Улсын баруун аймгуудаас халаал аргаар боловсруулсан 5 сая хүртэлх толгой хонины махыг БНХАУ-ын ШУӨЗО, Казахстаны Алматы хотоор дамжуулан Дундад Азийн орнуудад борлуулах зах зээл нь байна. Иймээс боомтуудаа жилийн дөрвөн улиралд ажилладаг болгож өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын удирдлагуудад илэрхийлсэн. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд саяхан манай улсад айлчлахад уг асуудлыг дахин тавьсан" гэв.  


Нисэх буудал, Өлгий хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өлгий суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тодруулж хэлбэл, "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл"-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа Өлгий хотыг тойрч гарах 18.8 км хатуу хучилттай зам, Ховд голын 200 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлын явцыг газар дээр нь очиж үзэв.

Гурван багцаас бүрдэх замын ажлыг гурван компани гүйцэтгэж байна. Ажлын явц 50 хувьтай бөгөөд 2022 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байгааг аймгийн удирдлагууд танилцууллаа.

Үүний дараа Ерөнхийлөгч Өлгий нисэх буудалд зочиллоо. Баян-Өлгий аймгийн нисэх буудал нь 1996 онд Засгийн газрын тогтоолоор олон улсын боомтын статустай болжээ. Улмаар 2004 онд цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай нисэх буудлын цогцолбор барилга ашиглалтад орсон байна.

Гэвч тус нисэх буудалд одоо 75-100 хүний багтаамжтай агаарын хөлгүүд бууж, жилд дунджаар 40 мянган хүн хүлээн авдаг болсон байна. Иймд аэровокзалын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөл хийх, ачаа тээшний конвер барих шаардлагатай байгааг нисэх буудлын дарга К.Ержан хэллээ.  


Ард иргэдтэй уулзалт хийлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт тус аймгийн ард иргэдтэй уулзалт хийлээ.

"Иргэдтэй хийх уулзалтын ач холбогдлыг Та бүхэн мэднэ. Алслагдсан аймгуудын иргэд юу хүсэж байгааг, төрөөс ямар нөхцөл шаардаж байгаа талаарх дуу хоолойгоо нэгтгэж, УИХ, Засгийн газрыг шахаж ажилладаг уламжлал байгаа. 2018 оны 5 дугаар сарын 6-нд бид энэ зааланд уулзаж, санаа оноогоо ярилцаж байсан. Уулзалт маш үр дүнтэй болсон. Санал тавьсан ахмадуудын 70-75 хувь нь тэтгэврийн зээлийн тухай ярьсан. УИХ, Засгийн газартай тохиролцоод, өнгөрсөн онд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэсэн" гэдгийг Ерөнхийлөгч уулзалтын эхэнд онцоллоо.

Уулзалтын үеэр багш З.Жолаушыбай казах хүүхдүүдэд хос хэлээр боловсрол олгох эрх зүйн орчныг тодорхой болгох, боловсролын салбарыг улс төрөөс хараат бус байлгах, иргэн Ж.Баярхүү Цэнгэл сумын тува иргэдийн шүтээн болсон Тэргүүн ууланд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох, Х.Оразхан Өлгий хотын утааг багасгах зорилгоор цахилгааны шөнийн тарифыг тэглэх, аймгийн боловсролын салбарын чанарыг сайжруулах, боловсролын салбар дахь ашиг сонирхлын зөрчлийг арилгах, «Нөхөд» компанийн захирал А.Достыхбек гадаадад мах экспортлоход дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг тавилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн саналыг холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.