Нэр дэвшигчдийн мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-21 17:06:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “МИНИЙ САНАЛ” ТББ-аас сонгогчдод тэнцвэртэй мэдээлэл хүргэх, сонгуульд нэр дэвшигч нам, эвсэл, бие даагчдад ижил, тэнцүү мэдээллээр нэгэн тавцан дээр өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор www.myvote.mn цахим хуудас нээжээ.


Уг цахим хуудсанд удахгүй болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам эвслээс болон би даан нэр дэвшигчид өөрийн танилцуулга, намтар, мөрийн хөтөлбөр, зорилт зэргээ оруулах боломжтой юм. Ингэснээр сонгогч өөрийн тойрогтоо нэр дэвшигчдийн материалыг нэг дороос үзэх, харьцуулах, дүгнэх боломж бүрдэж, улмаар сонгуулийн ирцэд эергээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд ирэх сарын 15-нд болно. Уг сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 30-нд Сонгуулийн хорооноосоо үнэмлэхээ гардсанаар сурталчилгаагаа эхлүүлнэ. Энэ өдөр www.myvote.mn цахим хуудсыг албан ёсоор ажиллуулж эхлэх бөгөөд нам, улс төрийн хүчин болон нэр дэвшигчийг онцгойлон дэмжихгүйгээр иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх юм.


“Миний Санал” ТББ-ын уг цахим хуудсыг дэмжиж, хуулийн хүрээнд хамтран ажиллахаа СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ