Өнөөдөр 7 сумоч 50 хувийн амжилтын төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-22 11:12:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 9 дэх өдрийн барилдаанд Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хокүтофүжи /М-2/-г цүкиотоши мэхээр давснаар 7 даваа, 2 унаатай тэргүүлэгчдийн эгнээнд явна.


Энэ өдөр /09.21/ Озэки Асанояма, Точиношин /М-4/-г уватэнаге мэхээр хаяж 6 даваа, 3 унаатай болсон бол Озэки Такакейшёо, Кирибаяама /М-5/ Б.Лхагвасүрэнг ошидаши мэхээр унагаж 7 даваа, 2 унаатай болов. Харин Кирибаяама 6 даваа, 3 унаатай байгаа ч энэ барилдаанд зүүн мөрөө гэмтээснээс тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.


Маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил, энэ өдөр Такарафүжиг цүкиотоши мэхээр хаяж 4 даваатай боллоо. Макүүчи зиндааны хамгийн жижиг биетэй Энхо, Ичиножёо А.Ичинноров /М-17/-ыг ошидаши давснаар Ичиножёо 4 унаатай явна. Мөн Хошорюү С.Бямбасүрэн /М-16/ Кейсэй /М-12/-д ёрикири мэхээр ойчиж 5 унаа, 4 даваатай байна.


Энэ өдрийн байдлаар 7 сумоч тус бүр 7 даваатай башёг хошуучилж байгаа бөгөөд тэд өнөөдөр учраагаа давбал 50 хувийн амжилтаа хийх юм.

Холбоотой мэдээ