ДЭМБ: Цар тахал НҮБ-ын гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтой болохыг харуулж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-22 11:54:16

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний цар тахал нь НҮБ-ын гүйцэтгэх үүрэг дэлхий дахинд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.


“Дэлхийн хоёрдугаар дайны үеэс хойших нэг ч хямрал НҮБ гэдэг байгууллага оршин тогтнож буй нь ийм чухал ач холбогдолтой болохыг цар тахал шиг харуулаагүй” гэж тэрбээр мэдэгдэхийн сацуу энэхүү нийтлэг аюул заналхийллийг хамтын арга замаар л зохицуулах боломжтойг цохон дурджээ.


Үүнтэй холбогдуулан коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой “COVAX” олон улсын механизмд улс төрийн, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг ДЭМБ-ын тэргүүн улс орнуудад уриалжээ.


“COVAX” механизмын нэг хэсэг болох коронавирустэй тэмцэх арга хэрэгслийн хүртээмжийг хурдасгах “ACT Accelerator” санаачилгын хэрэгцээнд улс орнууд нийт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн хэдий ч нийт 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэрэгцээтэй байгааг Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэв.


"Дэлхий дахинд нийт 200 орчим вакцины хөгжүүлэлт хийгдэж байна. Цар тахлаас үүдэлтэй хямрал дэгдэж эхэлснээс хойш л ДЭМБ вакцин гарган авахад дэлхий нийтээрээ хүчин чармайлт тавихыг дэмжсээр ирсэн. Одоогоор хөгжүүлж буй вакцинуудын алиныг нь ч амжилттай гэх баталгаа байхгүй. Вакцины туршилтууд хийгдсээр байх тусам аюулгүй, үр дүнтэй бэлдмэл гарган авах боломж илүү өндөр байна" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэлээ. 

Холбоотой мэдээ