Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-23 15:38:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна.

Сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах, улс, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм. Түүнчлэн, Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахин, батлан хамгаалах эрх зүй, цэрэг эх оронч хүмүүжил, цэргийн нийтлэг дүрэм, үй олноор хөнөөх зэвсэглэлээс хамгаалах, цэргийн инженер, биеийн тамирын бэлтгэл, орон нутгийн болон улсын хил хамгаалалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, амьд гарах ухаан зэрэг хичээл орж байна.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд Налайх дүүргийн 2, 8 дугаар хорооны орчны хог цэвэрлэж, дүүргийн автобусны буудлуудыг тохижууллаа.

Холбоотой мэдээ