Эх газрын Хятадын иргэд Макао руу зорчих боломжтой болов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-24 14:13:36

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хилээр орох, гарахыг удирдах газар өчигдөр буюу 23-ны өдрөөс эхлэн эх газрын оршин суугчид Макао руу аяллын зөвшөөрөл мэдүүлэх хүсэлтийг хүлээн авах ажиллагааг сэргээжээ.

Гэвч одоогоор цар тахлын дунд, өндөр эрсдэлтэй бүс нутгууд болон зөвшөөрөл мэдүүлэхээс өмнөх 14 хоногт өндөр, дунд эрсдэлтэй байсан бүс нутгуудын иргэдэд зөвшөөрөл олгох боломжгүй юм байна.  

Эх газрын Хятад болон Макаод цар тахлын нөхцөл байдал харьцангуй сайжирч буйтай холбоотойгоор тэдгээрийн хооронд зорчих урсгалыг аажмаар сэргээх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

Уг нэвтрэх зөвшөөрлийг 7 хоногийн дотор хийлгэсэн коронавирусний шинжилгээний сөрөг хариу болон цахимаар бүртгэлжүүлсэн бүртгэлийг үндэслэн олгох юм.

Өчигдрийн байдлаар, Макаод 178 хоногийн хугацаанд дотоодын халдвар, 89 хоногийн хугацаанд гаднаас зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Макаод нийтдээ 46 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгдийг нь эмчилж, эмнэлэгээс гаргажээ.

Холбоотой мэдээ