"КОВИД 19"-ийн эмчилгээнд зориулан бүтээсэн тарилга нас баралтыг 80 хувь бууруулна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс энэ сарын 8-ны өдөр анх удаагаа дотоодод үйлдвэрлэсэн тарилгыг COVID-19 коронавирусний эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосноо зарласан билээ.
Энэхүү тарилга нь коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх, биеийн байдал хүндрэх, нас барах магадлалыг 80 хувиар бууруулж байгаа нь тогтоогдсон байна.
Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр БНХАУ-ын Үндэсний эм, эмийн бүтээгдэхүүний хяналт, удирдлагын газраас дотоодод үйлдвэрлэсэн, коронавирусийг саармагжуулах үйлчилгээтэй амбавиримаб /BRII-196/, ромисвиримаб /BRII-198/ тариаг бүртгүүлэх хүсэлтэд зөвшөөрөл олгосноо зарласан.
Дээрх тарилгуудыг Бээжингийн Төншөн Бояао технологийн компани, Цинхуа их сургууль, Шэньжэн хотын Ардын гуравдугаар эмнэлгийн хамтарсан баг зохион бүтээсэн юм. Улмаар тус тарилгууд нь Хятад улсын анхны бие даасан оюуны өмчийн эрхтэй коронавирусийг саармагжуулах үйлчилгээ, эсрэг биет хосолсон эмчилгээ болсон.
Хятадын нэрт академич, цар тахалтай тэмцэх багийн ахлагч, мэргэжилтэн Жун Наньшань энэхүү тарилгын үр дүнгийн талаар тайлбарлахдаа, “5-р сард Гуанжоу хотод тархсан халдварын үед дээрх тарилгуудыг өвчтөнд тарихад 2-3 хоногийн дотор вирусний идэвхжилийг бууруулж байсан” гэжээ.
Түүнээс гадна тус тарилгууд нь ойрын үед дэгдээд буй коронавирусний омикрон хувилбарын эсрэг цогц үйлчилгээ үзүүлсээр байгаа ба тариулснаас хойш 9-12 сарын хугацаанд хамгаалах үйлчилгээ үзүүлнэ гэдгийг тэрээр хэлсэн байна.
Тарилгыг хөгжүүлэх багийн ахлагч Хятадын Цинхуа их сургуулийн профессор Жан Линчи хэлэхдээ, “Энэхүү тарилгыг хэрэглэснээс хойш коронавирусийг ханиадтай төстэй байдалтай болгодог байж магадгүй гэв. Тэрээр хэлэхдээ, “Тарилгын эмнэлзүйн туршилтыг дөрвөн тивийн зургаан улсын 111 туршилтын лабароторид туршихад маш сайн үр дүн үзүүлж, өвчтөний биеийн байдал хүндрэх, нас барах эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулсан” гэдгийг онцолжээ.