Бээжингийн өвлийн олимпод оролцох гадаад иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан бол тусгаарлалтаас чөлөөлнө
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос “Бээжин 2022 өвлийн олимпод оролцох гадаадын иргэд БНХАУ-д очих өдрөөс дор хаяж 14 хоногийн өмнө вакцины бүрэн тундаа хамрагдсан тохиолдолд тус улсад үйлчилж буй 21 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөгдөнө” гэж мэдэгдлээ.
Дээрх иргэдэд олимпод оролцох тамирчид, холбогдох ажилтнууд багтаж байгаа юм. Гэхдээ тэд тусгаарлалтаас чөлөөлөгдөх боловч олимп зохион байгуулагдаж буй бүхий л явцад хаалттай орчинд байх буюу энгийн иргэдтэй харилцаанд орохгүй байх юм.
Бээжингийн өвлийн олимпод гадаад улсуудаас 2000 гаруй гадны тамирчид ирж оролцох бөгөөд олимпыг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох холбогдох ажилтнуудыг тооцвол нийтдээ 25 мянга гаруй хүн ажиллана. Хятадад ирэхээсээ дор хаяж 14 хоногийн дотор вакцины бүрэн тунд хамрагдаагүй тамирчид, иргэдийн хувьд зайлшгүй 21 хоногийн тусгаарлалтад орох юм.