БНАСАУ: Ковидын эсрэг ардын эмчилгээний аргаар тэмцэнэ

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2022-06-16 16:31:10

Коронавирусний цар тахлаас сэргийлэхийн тулд БНАСАУ-ын эрх баригчид 2020 оны эхээр хилээ бүрэн хаасан боловч одоогоос сар гаруйн өмнө тус улсад халдварын анхны тохиолдлууд илэрснээр орон даяар хөл хорио тогтоосон билээ. Дэлхий ертөнцөөс бүрэн тусгаарлагдаад буй Умард Солонгост цар тахлын нөхцөл байдал ямар байгааг тодруулахын тулд ВВС агентлагийн сэтгүүлчид тус улсын хэвлэлүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.


Умард Солонгосын эрх баригчид коронавирусний халдварын тохиолдлыг “халуурах шинж тэмдэг” гэж тодорхойлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халдвар авсан иргэдийн тоо буурч байгаа бололтой. Гадаадаас вакцин, эм бэлдмэлийг тусламжаар авахаас татгалзсаар буй энэ улсад өвчний тархалтыг тогтоон барьж буйн учир шалтгаан юунд оршино вэ? 


Уд модны навчны цай


Ковидын эсрэг уламжлалт анагаах ухааны янз бүрийн аргуудыг хэрэглэхийг Умардын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдэд зөвлөж байгаа ажээ. Тухайлбал, эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын “Нодон Синмун” сонинд бичсэнээр, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн хувьд цагаан гааны цай, далан хальс жимсгэнийн цай, уд модны навчны цай уух нь үр дүнтэй болой. Халуун цай, ундааг ихээр уух нь хоолой өвдөх, ханиалгах гэх мэт ковидын шинж тэмдгүүдийг зөөлрүүлж, хөлөрсний улмаас алдагдсан шингэнийг нөхөх сайн талтай. Цагаан гаа, уд модны навч үрэвслийг дарж, өвдөлтийг намдаадаг нь үнэн, гэхдээ вирусийг дарангуйлж чадах эм биш ээ.


Давстай ус


Өөр нэг эм бол давстай ус юм. Халуурахаас сэргийлэхийн тулд давстай усаар өглөө, оройдоо хоолойгоо зайлахыг зөвлөж буй эхнэр нөхөр хоёрыг Умард Солонгосын телевизээр харуулж байна. Үүний дараа, халдваргүйжүүлэх уусмалыг бэлтгэхэд зориулан 1 мянган тонн давсыг Пхеньян хот руу тээвэрлэж байгаа тухай мэдээ дэлгэцээр гарах ажээ.  Давстай усаар хоолойгоо зайлж, хамраа угаах нь хүний бие организм ханиадны вирустэй тэмцэхэд тустай гэдэг нь үнэн. Гэхдээ коронавирусний тархалтыг сааруулдаг гэдгийг баталж нотолсон зүйл одоогоор алга. Угтаа бол, коронавирус хүний биед нэвтрэн тархсаар эрхтэнүүд рүү гүн нэвчсэн тохиолдолд давстай усаар хоолой, хамраа зайлах нь ямар ч тус нэмэр болохгүй. 


Өвчин намдаагч эмүүд ба антибиотикууд


Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгүүдийг үзэхэд, ибупрофен гэх мэт өвчин намдаагч эмүүд, амоксициллин зэрэг антибиотикуудыг хэрэглэхийг халдвар авсан хүмүүст зөвлөж байна. 


Ибупрофен ба парацетамол нь халууныг бууруулж, толгой өвдөх, хоолой өвдөх гэх мэт шинж тэмдгүүдийг зөөлрүүлдэг нь үнэн. Гэхдээ вирусийг устгаж чадахгүй, үржиж олшрохыг нь зогсоож чадахгүй билээ. Вирусний бус бактерийн гаралтай халдваруудыг эмчлэхэд зориулсан антибиотикуудыг хэрэглэх нь аюултай байж ч магадгүй бөгөөд учир нь, шаардлагагүй үед антибиотикуудыг хэрэглэснээр резистент нянгууд үржиж болзошгүй. 


Түүнчлэн хэрэглэхийг зөвлөж буй азитромицин зэрэг антибиотикууд нь өвчтөний биеийн байдалд бараг нөлөөлөхгүй ба өвчин даамжирч эмнэлэгт хүргэгдэхээс урьдчилан сэргийлж чадахгүй.


Бодит байдал дээр, ДЭМБ-аас зөвшөөрсөн коронавирусний эсрэг үйлчилгээтэй хэдхэн тооны эм бий. Эдгээр нь паксловид, молнупиравир ба ремдесивир бөгөөд мөн эсрэг биетийн эмчилгээ гэж байдаг. Гэсэн хэдий ч эдгээр эм эмчилгээний үйлчлэл, үр дүн нь тухайн өвчтөний биеийн байдлаас хамааран өөр өөр байх нь түгээмэл.


Умардын эрүүлийг хамгаалах тогтолцоо


Тус улсын эрүүл мэндийн тогтолцоо бол тосгон суурингуудын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлээд том хотуудын нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг нийт хүн амд үнэ төлбөргүйгээр үзүүлэхэд чиглэсэн тогтолцоо юм. Хэдийгээр эм тариа, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр асар их дутагдаж байгаа боловч Умард Солонгос дахь Зөвлөлтийн загвартай эрүүл мэндийн тогтолцоо нь хямд ажиллах хүчин олонтой тул хэсэг хугацааны хүндрэлийг даван туулж чадна


Гэвч сүүлийн жилүүдэд хориг арга хэмжээ, ган гачгийн улмаас эдийн засгийн нөхцөл байдал ноцтой хүндэрч, эрүүл мэндийн салбарын санхүүжилт улам багасаж байна.

 

Үүнтэй зэрэгцээд хил бүрэн хаагдаж, хатуу хөл хорио тогтоосон нь байдлыг улам хүндрүүлэв. Тэртэй тэргүй бага хэмжээтэй гадаад худалдааны эргэлт бараг зогсож, эрх баригчдын далдуур өөгшүүлдэг хил дамнасан нууц наймаа ч /контрбанд/ татрав.


Хятадтай хийдэг худалдаа зогссоноор Умард Солонгос хурц хямралд нэрвэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байсан боловч тус улс ямартай ч хүнд байдлаас гарч чаджээ. 2020 оны 8 дугаар сард болсон СХН-ын Төв Хорооны бүгд хурал дээр Ким Жөн Ун үг хэлэхдээ, 2016 онд баталсан 5 жилийн төлөвлөгөө биелэх боломжгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд “энэ нь гэнэт үүссэн асуудлуудтай холбоотой” гэдгийг дурдаж байв. Эдгээр асуудлын нэг нь коронавирусний цар тахал болой.


Тус улсын эрүүл мэндийн тогтолцоо нь нийслэл Пхеньянаас өөр газарт тун базаахгүй түвшинд байгаа бөгөөд эмнэлгүүдэд эмч сувилагч, эм тариа, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна. НҮБ-ын 2021 оны тайланд дурдсанаар, Умард Солонгосын зарим эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нь ДЭМБ-аас тавьж буй стандартын шаардлагууд ба дотоодын эрэлтийг хангахгүй байна.


Умардаас Өмнөд рүү оргож ирсэн хүмүүсийн яриагаар бол, тэд асар өндөр үнээр эсвэл эрх баригч намынханд ойр байдаг таньдаг хүмүүсээрээ дамжуулан “арын хаалгаар” эм олж авдаг байжээ. Харин Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол, бүх хүнд эм хүрэлцэх ба эмийн үйлдвэрлэл өргөжсөөр байгаа ажээ.


Үүний зэрэгцээ ардын эмчилгээний аргуудыг хувьсгалын уриа лоозонгуудтай хослуулсан үзэл суртлын кампанит ажил өрнөж, “хүн бүр эрүүл мэндээ сахин хамгаалж, цар тахлыг ялан дийлэхийн тулд төр засгаас авч буй арга хэмжээг дэмжих"-ийг уриалж байна.


Умард Солонгост хэн туслах вэ?


Вакцины хүртээмжийг жигд байлгахад чиглэсэн олон улсын COVAX санаачилгын хүрээнд 1,7 сая тун астразенека вакциныг 2021 оны 5 дугаар сард Умард Солонгост нийлүүлэхээр санал болгосон боловч Пхеньян татгалзсан байна. Үүний дараа энэ оны 3 дугаар сард 1,3 сая тун вакциныг тусламжаар өгөхөд бэлэн байгаагаа COVAX дахин мэдэгдсэн боловч мөн л татгалзсан тул 4 дүгээр сараас эхлэн Умард Солонгост вакцин нийлүүлэх хөтөлбөрийг зогсоожээ.


Түүнээс гадна, Хятад улс 3 сая тун синовак вакциныг дээрх санаачилгын хүрээнд үнэгүй нийлүүлэх гэсэн боловч Умард Солонгос дахиад л татгалзав. АНУ-ын Стратегийн ба олон улсын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар, Умардын албаны хүмүүс Pfizer, Moderna гэх мэт мРНХ вакциныг авах сонирхолтой байгаагаа албан бусаар илэрхийлж байсан аж. Гэвч эдгээр вакциныг тээвэрлэх, хадгалах нөхцлийг Умардын тал хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.


Түүнчлэн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч вакцин, эм тариагаар туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч Умардын тал үүнд хариу өгсөнгүй.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Умард Солонгосын ачаа тээврийн 3 нисэх онгоц Хятадын Шэньян хотоос эм хэрэгсэл ачаад буцсан байна.  Хятадын ГХЯ-наас мэдэгдсэнээр, энэ нь “цар тахалтай холбоотой нийлүүлэлт” биш, гэхдээ коронавирустэй тэмцэхэд нь БНАСАУ-д туслахад БНХАУ бэлэн байгаа ажээ.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд:bbc; forbes.ru 

Холбоотой мэдээ