"Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” олон улсын хурал болж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-25 13:17:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” олон улсын 13 дугаар бага хурлыг Новотел зочид буудлын танхимд өнөөдөр нээлээ.

Олон улсын бага хурал Газарзүй, геоэкологийн судалгааны чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал ба байгалийн нөөцийн менежмент, Нийгэм эдийн засгийн газарзүй ба бүс нутгийн хөгжил гэсэн үндсэн сэдвийн хүрээнд ШУА-ийн байранд салбар хуралдаанаар үргэлжилж байна. Ингэснээр Монголын тэгш өндөрлөг, зэргэлдээх нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогчдыг нэг талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмж гаргах зорилготой.

"Олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр эхлүүлэх нөхцөл бий болгодгоороо үр дүнтэй"-г ШУА-ийн Газар зүй, Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох хэлэв.

Түүнчлэн, энэ жилийн хурлыг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Доржготовын 80 насны ойд зориулан зохион байгуулснаараа онцлог юм. Академич Д.Доржготов олон улсын хурлыг анх санаачлан зохион байгуулагчдын нэг бөгөөд Монголд хөрсний судалгааг анх эхлүүлж, 60 гаруй жил дагнан судалж, 300 гаруй ном бүтээл туурвин, Оросын эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол төдийгүй гадаад улсаас анх удаа хүртсэн эрдэмтэн юм. Хуралд оролцогчид болон цахимаар оролцож буй гадаадын эрдэмтэд түүнд 80 насны ойн баярын мэндчилгээ дэвшүүлж байв.

Анх 2005 онд зохион байгуулснаас хойш Монгол, БНХАУ, ОХУ-ын судлаачдыг бүс нутгийн тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн менежментийг дэмжих чиглэлээр сүүлийн үеийн ололтыг хуваалцах талбар болжээ. Дэлхий нийтэд тархсан короновируст цар тахлын улмаас цахимаар гээд нийтдээ 230 хүн оролцов. 

Холбоотой мэдээ