Үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ байртай боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-25 15:45:14

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, нээлтээ хийлээ. 

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон үйлдвэрчний эвлэлийн холбооны үе үеийн удирдлагууд, ахмадын төлөөлөл оролцсон юм. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо анх залуучуудын эвлэлийн хороотой хамтарсан хөрөнгөөр өмнөх нэг давхар барилгыг барьж ашиглалтад оруулж байсан түүхтэй. Эдүгээ 62 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Ийнхүү шинэ барилга нь төмөр бетон карказан хөнгөн блокон ханатай, хөөсөн полистрол хавтан, дулаалгатай, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, хавтгай дээвэртэй, чулуун фасадтай, 1 давхар нь шилэн фасадтай, айлуудын тагт нь шилэн хаалттай гээд орчин үеийн хийц загвараар барьжээ. Уг барилга нь орон сууц, оффисын давхартайгаа нийлээд гурван тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд зөвхөн Үйлдвэрчний эвлэлийн холбооны барилгыг 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэжээ. 

Ташрамд, үйлдвэрчний эвлэлийн холбоо нь энэ хугацаанд засварын ажил хийж байгаагүй бөгөөд 2019 онд барилга угсралтын “Бутозм” ХХК-тай гэрээ байгуулан тус компанийн хөрөнгө оруулалтаар өөрийн хуучин барилгыг өмчлөлийн газрын хамт шилжүүлэн өгч хуучин барилгын суурийн хэмжээнд шинээр оффисын зориулалттай барилга болон 40 айлын таван давхар орон сууцыг барьж байгуулан энэ оны долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгчээ. 

Холбоотой мэдээ