Улсын филармонийн хөгжмийн зэмсгийг хоёр тэрбум төгрөгөөр шинэчлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-28 17:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын Хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс Улсын Филармонийн үйл ажиллагаатай танилцлаа.


Улсын Филармонийн уран бүтээлчид Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс баримтлах Соёлын бодлогод суурилсан, мэргэжлийн хөгжмийн урлагийг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар нийгмийн хөгжлийг дэмжих үндсэн үүргээ чанар хүртээмжтэй гүйцэтгэж уран бүтээлийн тасралтгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын хөгжмийн зэмсгүүдийн тодорхой хувийг яаралтай шинэчлэн сайруулах нэн шаардлагатай байгаагаа илэрхийлэв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн концертын танхимын хүртээмж, бэлтгэл сургуулилтын заал танхим, ажилчид, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөл байдалтай танилцаж яаралтай шийдвэрлэх асуудлуудын дундаас Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын хөгжмийн зэмсэг шинэчлэх ажилд нэн түрүүнд шаардлагатай байгаа 2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын хурлаар оруулж шийдвэрлэхээ амлалаа.


Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хөгжмийн зэмсэг хуучирч муудан тухайн хөгжмийн хийц, материалаас шалтгаалан ашиглах хугацаа 12-23 жилээр өнгөрч уран бүтээлийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсээд байсан юм.


Холбоотой мэдээ