Блүүмбэрг: Нефтийн салбарын “хүнд жингийнхэн” дахин сөргөлдөж магадгүй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-09-29 12:01:59

Дэлхийн хэмжээнд нефтийн эрэлт сэргэнэ гэсэн таамаглал коронавирусний цар тахлын хоёрдахь давалгаа дэгдсэний улмаас өөрчлөгдөж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ ба ОПЕК байгууллага ирэх оны эрэлтийн таамаглалаа буурууллаа. Үүнээс шалтгаалан дэлхий нийтийн анхаарал Орос ба Саудын Арабыг чиглээд байгаа бөгөөд ОПЕК+ бүлгийн дотоодод санал зөрөлдөөн дахиад л үүсч магадгүй талаар Блүүмбэрг агентлагийн газрын тосны шинжээч Жулиан Ли дүгнэн бичжээ.


Нефтийн эрэлт буурч байгаад хэрхэн хандах вэ гэдэг тал дээр дээрх хоёр улс хоорондоо үг хэлээ ололцон тохиролцож чадахгүй байна. Ийм байдал юунд хүргэдгийг бид сайн мэднэ хэмээн шинжээч Ли нийтлэлдээ сануулан дурдсан байна.  


Европ тивд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, аялж жуулчлахыг дахиад л хязгаарлаж, төрөөс компаниудад үзүүлж байсан тусламж дэмжлэг илт багасах боллоо. Энэ нь нефтийн эрэлтэд шууд сөргөөр нөлөөлж байна. Үүний сацуу 5 дугаар сард олборлолтоо өдөрт 9,7 сая баррелиар танаж байсан ОПЕК+ бүтцийн улс орнууд уг хязгаарлалтыг сулруулах асуудлыг хөндөөд эхэлжээ. Эдгээр улсууд хоорондоо тохиролцож чадахгүй аваас юу тохиолддог вэ гэдгийг бид санах учиртай.   


ОУЭХА болон ОПЕК-ийн гишүүн орнууд ирэх оны нефтийн эрэлтийн талаарх таамаглалаа бууруулж эхэллээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд ОУЭХА гэхэд эрэлтийн талаарх таамаглалаа өдөрт 400 мянган баррелиар, ОПЕК 500 мянгаар тус тус буурууллаа. ОУЭХА-ийн Нефтийн салбарын зах зээлийн судалгааны хэлтсийн захирал Нил Аткинсон хэлэхдээ, тус агентлагийн ирэх сарын тайланд тусгагдах эрэлтийн хэмжээ улам буурна гэдгийг онцоллоо. 


Өнгөрсөн долоо хоногт “Standard Chartered” корпорацийн шинжээчид болох Эмили Эшфорд, Пол Хорснелл нар өөрсдийн бэлтгэсэн тайландаа, эрэлт буурахад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийг дурдсан байна. Тухайлбал, худалдааны эргэлт буурсан, улс орнуудын эдийн засаг суларч, үйлдвэрүүд хаагдаж, ажлын байруудыг цомхотгосон нь эрэлтэд нөлөөлжээ.


Эрэлт эргээд сэргэх нь гэсэн хүлээлт бий болоод байсан энэ үед бүх зүйл эсрэгээр эргэлээ. Европ тивд өвчлөл нэмэгдсэний улмаас зайнаас ажиллах хэлбэрт дахиад л шилжиж, нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулахыг хоригложээ. Үүнтэй зэрэгцээд төрөөс үзүүлж буй тусламж ч татарч эхлэв. АНУ дахь нефтийн хэрэглээ ч мөн адил энэ мэт шалтгаанаар буурсаар байна. 9 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “Коронавирусний цар тахлын үед тусламж үзүүлэх, нөхцөл байдлыг хөнгөвчлөх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн /Coronavirus Aid, Relief, and Economic Security Act/ хүрээнд  хэрэгжиж буй төрөөс компаниудад үзүүлэх дэмжлэгийн хөтөлбөр зогсоно. Азийн орнууд ч гэсэн мөн хохирол амсчээ. Харин Тайландад л V хэлбэрээр эрэлт сэргэж байгаа тухай “Standard Chartered” корпорацийн тайланд дурдсан байна.


Гэхдээ хэргийн учир зөвхөн эрэлтэнд байгаа юм биш ээ. ОПЕК+ бүтцийн орнуудаас нэмж нийлүүлэх нефтийн хэмжээ нь бусад эх үүсвэрээс хэр хэмжээний нефть нийлүүлэх вэ гэдгээс шалтгаална. Гэтэл энэ тал дээр мөн л тодорхойгүй байдал үүсчээ.

 

Тодруулбал, ойрын долоо хоногуудад, ойрын саруудад АНУ-ын занарын ордууд дахь олборлолтын хэмжээ огцом буурах магадлалтай гэдгийг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас сар тутам гаргаж буй хамгийн найдвартай гэгддэг мэдээлэлд дурджээ. Америк дахь олборлолт дахиад мэдэгдэхүйц буурах нь ОПЕК+-ийн орнуудад олборлолтоо нэмэгдүүлэх боломжийг олгох нь мэдээж.


Гэхдээ уг байгууллагын дотор бас асуудлууд бий. Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдул-Азиз бин Салманы хүчин чармайлтын дүнд харилцан тохиролцсон лимитийн хүрээнд олборлолтыг бууруулах үйл явц санаанд оромгүй амжилттай хэрэгжсэн билээ. Гэтэл зарим улс орнуудын хувьд эдгээр хязгаарлалтыг практик дээр даган мөрдөх нь бэрхшээлтэй хэвээр байна.  


Нөхцөл байдал тогтворгүй байгаагийн өөр нэг шалтгаан нь уг хязгаарлалтын гадна байгаа Ливи улстай холбоотой. Тус улсад дэгдсэн иргэний дайн зогсож, талууд улс төрийн зөвшилцөлд хүрснээр нефтийн экспорт нь нэмэгдэж,  ОПЕК+-ийн хувьд нөхцөл байдал таагүй энэ цаг үед дэлхийн зах зээлд нийлүүлж буй нефтийн хэмжээ өсөх болно. Ливийн төрийн өмчийн нефть олборлох компанийн таамаглаж байгаагаар, нийлүүлэлт богино хугацаанд өдөрт 260 мянган баррельд хүрч өсөх бөгөөд энэ нь одоогийнхоос даруй 1/3-ээр нэмэгдэнэ гэсэн үг. Харин “Goldman Sachs компанийн таамагласнаар, Ливийн экспорт оны эцэс гэхэд 2 дахин өсөх төлөвтэй байна.


Үүний зэрэгцээ “Vitol Group”, “Trafigura Group”, “Mercuria Energy Group” зэрэг нефть нийлүүлэгч хамгийн том компаниуд хүртэл ойрын саруудад нефтийн эрэлт ямар байх талаар нэгдсэн ойлголт төсөөлөлгүй байгаа аж.   


“Mercuria Energy Group”-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Марко Дурнанд хэлэхдээ “1 дүгээр сараас эхлэн ОПЕК+ бүлгийн олборлох гэж буй нефтиэс илүү хэмжээний нефть бидэнд хэрэггүй” гэсэн бол “Trafigura Group”-ийн төлөөлөгч мөн л гутранги таамаг дэвшүүллээ. Тэгэхээр нөхцөл байдал ийм тодорхойгүй үед ОПЕК+ бүтцийн дотор санал зөрөлдөөн үүсэх нь гайхал төрүүлэхээр явдал биш ээ.


Саудын Арабын хувьд, нефтийн үнийг унагахгүй байхыг эрмэлзэж байгаа. Тус улсын Эрчим хүчний сайд хэлэхдээ “нийлүүлэлт нь эрэлтээс давах нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд ОПЕК+ бүлгийн орнууд урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээ авна” гэсэн нь газрын тосны трейдерүүдийг “улам нервтүүлэх” бололтой.


Харин Оросын Эрчим хүчний сайд Александр Новак асуудалд болгоомжтой хандаж байна. Түүний хувьд, 2022 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд олборлох  нефтийн хэмжээг тогтоосон хэлэлцээрийг байн байн өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм. Хэлэлцээрт заасан ёсоор 1 дүгээр сараас эхлэн олборлолтын нийт хэмжээг өдөрт 2 сая баррелиар нэмэгдүүлэх ёстой. Харин Оросын сайд шийдвэр гаргах хугацааг аль болохоор хойшлуулахыг эрмэлзэж байна.

Ер нь бол, ОПЕК+бүтцийн хоёр том гишүүний хоорондох сөргөлдөөн чухам юунд хүргэдгийг бид бүгдээрээ харсан билээ. Энэ оны 3 дугаар сард болсон явдлыг эргэн сануулахад, Орос улс олборлолтын хэмжээг хэвээр хадгалах байр суурьтай байсан бол Саудын Араб олборлолтыг мэдэгдэхүйц бууруулахын төлөө байснаас үүдэн хоёр улс санал зөрөлдөж байсан билээ. Үүнээс шалтгаалан нефтийн үнэ 20 доллароос доошилж байв. Эл байдал давтагдахыг одоо хэн ч хүсэхгүй.


Нийтлэлийг бичсэн Жулиан Ли бол Bloomberg First Word буюу дэлхийн бизнесийн талаарх товч мэдээллийн албанд ажилладаг нефтийн салбарын шинжээч юм. Тэрбээр өмнө нь Дэлхийн эрчим хүчний судалгааны төвд / Centre for Global Energy Studies/ ерөнхий анализчаар ажиллаж байжээ.  


Эх сурвалжууд: https://www.bloomberg.com/opinion/articles/2020-09-27/oil-heavyweights-saudi-arabia-russia-look-ready-for-a-showdown

 

https://inosmi.ru/economic/20200928/248205261.html

Холбоотой мэдээ