Б.Жавхлан: Засгийн газраас боловсруулсан улсын төсвийн орлого болон алдагдлын хэмжээг УИХ нэмэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-29 13:42:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.29/ зохион байгуулллаа.


Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, "Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө хийж байгаагаараа онцлог. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох УИХ-ын онцгой бүрэн эрхийг тодотгосон. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад сайтар боловсруулж, төлөвлөсөн хөгжлийн бодлого чухал ач холбогдолтойг тодорхойлж өгсөн. Түүнчлэн УИХ улсын төсвийг батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болох ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлага болон алдагдлын хэмжээг нэмэхгүй байх зохицуулалт тусгасан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь нийгэм, эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлэх төрийн бодлого уламжлагдан хэрэгжиж, бодлогын нэгдмэл байдал хангагдах, улсын төсвийг боловсруулж батлахдаа Засгийн газар, УИХ хариуцлагатай хандаж, урьдчилан төлөвлөөгүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтын саналыг хөндлөнгөөс оруулж  төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг явдлыг зогсоон, УИХ-аас төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулна" гэдгийг тодотгон тэмдэглэв.


Төсөв санхүүгийн чиглэлээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх, төсвийн органик хуулиудыг өөрчлөн сайжруулах, төсвийн төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудаа шүүн хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэгт төсөв санхүүгийн чиглэлийн холбогдох байгууллагын удирдлагууд, төсөв санхүүгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид хэлэлцүүлгийн сэдвийн дагуу илтгэл хэлэлцүүллээ.


Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу “Төсвийн тогтвортой байдлыг урт, дунд, богино хугацаанд хангахад анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ төсвийн тогтвортой байдлын эрх зүйн орчин, өрийн үзүүлэлтүүдийн талаар хөндсөн бол Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүйн орчин, улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын тулгамдаж байгаа асуудал” илтгэлдээ хөгжлийн бодлогын баримт бичиг ба төсөв гэсэн агуулгыг хөндөж, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг товч танилцуулав.


Удирдлагын академийн багш Л.Отгонтуяа “Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага, олон улсын туршлага” сэдэвт илтгэлээрээ төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн зорилт, улс орнуудын туршлага, хандлага, Монгол Улс дахь төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийн өнөөгийн байдал, Төсвийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг хөндсөн юм. Сүүлийн илтгэлийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Төсвийн төлөвлөлтийн эрх зүйн орчин, төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдвээр хэлэлцүүллээ


Илтгэл бүрийн дараа илтгэлийн сэдэвтэй холбогдуулж оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцсон төдийгүй бүх шатны төсөв захирагчдын асуусан асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариулт өгөв. Мөн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцож, байр сууриа илэрхийллээ.


Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, "Засгийн газраас өргөн мэдүүлэх Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлого, Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүйгээр батлана" гэв.

Холбоотой мэдээ