Чандмань-Өндөр суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-30 08:53:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 100 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа.

Тус сум цэцэрлэгийн нэгдсэн байргүйн улмаас 4 тусдаа барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан. Дээрх барилгууд нь 1925, 1963, 1970, 2006 онд баригджээ. Хуучирч олон жил ашигласан барилгын чанар муудсан тул мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан юм. Шинэ цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хийт констракшн” ХХК цаг хугацаанд нь барьж ашиглалтад орууллаа.  

Шинэ цэцэрлэгтэй болсноор Чандмань-Өндөр сумын хүүхэд багачууд  эрүүл, ая тухтай, тохилог стандартын орчинд сурч боловсрох нөхцөл боломж бүрдэж байна. Чандмань-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд шинэ дотуур байрны барилга ашиглалтад орсон бөгөөд 320 хүүхдийн сургуулийн барилга барьж байна. Бид хүүхэд багачуудаа ая тухтай сурч боловсрох орчинтой болгохын төлөө үе шаттай бүтээн байгуулалт өрнүүлж байна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ