УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганыг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-01 09:37:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагт боллоо. 


Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэйгээ уулзаж, бүх байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хороод салбар, салбарын үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэл сонслоо. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд асуудлаа шийдвэрлэх арга замыг хайж, ажиллалаа. Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Цаашид уламжлал болгон намар, хаврын чуулганы өмнө хэлэлцүүлэг, ард түмний үгийг сонсдог мэргэжлийн парламент байхыг гишүүд эрхэмлэж байгаа. Гишүүд хөдөө, орон нутагт ажиллах үеэр иргэдээс өвөлжилтөд хүндрэл учрах, гамшгийн байдлыг газар дээр нь үнэлгээ хийх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх, мах экспортлох зэрэг асуудлаар Засгийн газар, Улсын онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч аймаг орон нутгийн удирдлага хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс маргаашийн чуулганы хуралдаанаар  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.



Намрын чуулганы хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарсан 122 хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.


Чуулганы хугацаа 75 хоног байх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулийн төслүүд биднийг хүлээж байгаа. Иймд бид ихээхэн ачаалалтай хуралдаж, цаг хугацаатай уралдах шаардлагатай болж байна. Төсвийн төсөл, зээлийн хүүг бууруулах стратегитай уялдаатай хэлэлцэх, ипотекийн зээлийг 6 хувь болгох зарчмын шийдэлд Засгийн газар, УИХ хүрсэн. Саарал жагсаалтаас гарах 6 заалтын дөрвийг нь биелүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэл 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг хойшлуулахгүй байх, Хот тосгоны болон нийслэлийн Эрх зүйн байдлын хуулийн шинэчлэх, Дархан-Уул, Орхон аймгуудыг хотын статустай болгоно. Мөн Шүүхийн бие даасан байдал, шударга бус шүүхтэй холбоотой шүүхийн багц хуулиудыг батална” хэмээв.


Мөн чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр, “Дэлхий нийтэд том сорилт тулгарсан 2020 онд дуусаж байна. Коронавирусийг давж гарсан улс орон байхгүй ч энэ эрсдэлээс сэргийлэхээр Монгол Улс 9 сарын турш ажиллаж байна. Цар тахлын улмаас бидний хүлээсэн гол алдагдал бол экспортын орлогоо алдсан асуудал юм. Цаашид цар тахлын хоёрдугаар давлагаа хэр их хүрээг хамрахыг таашгүй. Тиймээс ирэх оны улсын төсвийг алдагдалгүй батлахад анхаарах, экспортын орлогоо сайжруулах шаардлагатай байна. Аливаа улс орон үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцээ 5-10 жилээр төлөвлөн тууштай хөгжүүлж байж хөгжлийн эхлэл тавигддаг. Манайд ч ийм туршлага байсан. Гэвч бид өнгөрсөн жилүүдэд ганц үйлдвэр барьсангүй. Импортыг шүтсэн, зээл гуйсан улс болж хувирлаа. Төсвийн сахилга бат алдагдлаа. Дэлхий нийтэд дэд бүтцээ байгуулсны дараа барилга байшин барьдаг. Гэтэл манайд шинэ суурьшлын бүс гэх нэг ч айлгүй талд 2.4 тэрбум төгрөгөөр өрхийн эмнэлгийн байр бариад, түүнийгээ ашиглахгүй 2 жил цоожтой байлгасан зэрэг асуудал байна. Сүүлийн 4 жилд Монгол Улсын төсөв жил бүр 2 их наядын алдагдалтай байна. Хангалттай орлого олж байж л бүх хүндрэлийг даван туулна гэдгийг санаж, орлогоо нэмэх асуудлыг бүх асуудлынхаа цөмд нь тавих хэрэгтэй” хэмээв.


Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэх болно.

Холбоотой мэдээ