Монголын тал “Air Astana”-гийн нислэг үйлдэх зөвшөөрлийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-20 14:39:10

АСТАНА. /Asiatraveltips/. Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар нислэг үйлдэх зөвшөөрлөө хүчингүй болгосон учраас энэ оны зургадугаар сарын 2-нд эхлэх гэж байсан Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд цуцлагдлаа гэж “Air Astana” компани мэдэгджээ.

Казахстан, Монгол хоёр улс анх 1992 онд Агаарын үйлчилгээний тухай Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурж, 2014 онд хоёр улсын хооронд нислэг үйлдэх тухай Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэ баримт бичиг нь хоёр орны агаарын тээврийн компаниуд хэлэлцээр байгуулсан даруйдаа  нислэг үйлдэж эхлэх хууль ёсны үндэслэл болж байгаа юм. Харин “Air Astana” компани нислэг үйлдэх зөвшөөрөл авахаар баримт бичгээ бүрдүүлж, Монголын иргэний агаарын тээврийн эрх бүхий байгууллагын аудитын шалгалтыг амжилттай давсан бөгөөд ямар нэгэн зөрчил илрээгүй билээ. Улмаар тус компани 2016 оны гуравдугаар сард нислэг үйлдэх зөвшөөрлөө авчээ.

Гэтэл 2016 оны дөрөвдүгээр сард Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар ямар ч үндэслэлгүйгээр зөвшөөрлөө цуцалсан тухай “Air Astana” компани мэдэгджээ.

Агаарын үйлчилгээний тухай Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар Монголын тал гэрээнд заасан тодорхой гурван үндэслэлд тулгуурлан Казахстаны агаарын тээврийн компанийг зөвшөөрлийг цуцлах эрхтэй бөгөөд эдгээр гурван үндэслэл нь “Air Astana”-д ямар ч хамааралгүй байсан юм.

Казахстаны Аж үйлдвэр, хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, “Air Astana” компани зөвшөөрлийг сэргээхээр ихээхэн хүчин чармайлт гаргасан боловч Монгол Иргэний нисэхийн ерөнхий газар цуцалсан шийдвэрээ эргэн хараагүй байна. Монголын талын мэдэгдсэнээр, 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал зургадугаар сард хөдөлгөөн ихтэй байна, мөн ИКАО-гийн бусдыг төөрөгдөлд оруулахаар, эргэлзээ төрүүлэхээр хар жагсаалтад “Air Astana” орсон гэх мэдээлэлтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.

Агаарын үйлчилгээний тухай Засгийн газар хоорондын гэрээг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын 1944 оны Чикагогийн Конвенцэд үндэслэн байгуулжээ.

Монгол Улс байгуулсан хэлэлцээрээ зөрчиж, “Air Astana” компанид зөвшөөрөл олгохгүй байгаа нь Чикагогийн Конвенцын заалтыг зөрчсөн хэрэг мөн гэж Казахстаны тал үзэж байгаа бөгөөд уг асуудлыг ИКАО-гийн Зөвлөлд тавих ажээ.

“Air Astana” компани дээрх шийдвэрийн улмаас хохирсон зорчигчидтой холбоо тогтоож байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ