Дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-01 18:15:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдсан ч одоог хүртэл байрандаа орж чадаагүй байгаа иргэдийг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.


НИТХ-аас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршил Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Их өргөө” ХХК-ийг батламжилжээ. 

Тус компани гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх явцдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон 7 барилгыг буулган, нийт 85 айл өрхтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахдаа 2015 онд ашиглалтад орох орон сууцаар хангахаар тохиролцжээ. Гэвч төсөл хэрэгжүүлэх хугацаандаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангаагүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/442 дугаар захирамжаар цуцалсан байна. Үүнтэй холбоотой “Их өргөө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулан газар чөлөөлсөн 85 айл өрхийн эрх ашиг хөндөгдсөн учир иргэдийг нийслэлийн өмчийн түр орон сууцанд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд суурьшуулж байна.


Иргэд хэлэхдээ “Энэ байдал шийдэгдэхгүй 7 жил өнгөрлөө. Бид олон хүнд хандсан. Одоо хүртэл байрандаа орж чадахгүй явна. Эсвэл нөхөн төлбөр авах хүсэлтэй байна. Гэрээнд заасан нөхцөлөөр шийдүүлмээр байна. Төсөл хэрэгжүүлэх эрх авсан компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Олон жил ингэж ард иргэдийг хохироож болохгүй. Өнөөдөр бидний асуудлыг ойлгож, хүлээн авч уулзан боломжоор шийднэ гэж байгаад талархаж байна” гэв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Та бүхний нөхцөл байдлыг хаана хаанаа боломжтой хувилбараар шийднэ. Нөхцөл байдлыг бодитоор харж, хамтдаа зөв гаргалгааг гаргах шаардлагатай байна. Холбогдох албаны хүмүүс болон та бүхний төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж, иргэдийн оролцоотойгоор хамтарч шийдвэрлэх"-ээ илэрхийллээ.


Холбоотой мэдээ