Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих бодлогын талаар зөвлөлдөв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-10-01 18:21:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад холбогдох байгууллагын удирдлагын төлөөлөл оролцож, 6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн дэмжих цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг хангах талаар зөвлөлдсөн юм.
Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, Зүүн Ази Номхон далайн орнуудын бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн орон нутагт хэрэгжүүлсэн сайн туршлагатай танилцаж, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагааг уялдуулахад нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, ажлын баг байгуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ