Монголын кино урлагт төрөөс хөрөнгө оруулах шаардлагатайг онцлов

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-01 22:29:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын кино урлагт төрөөс анхаарал тавих цаг болсон гэдгийг өнөөдөр болсон “Монголын кино урлаг 2020” анхдугаар чуулга уулзалтын үеэр киноны уран бүтээлчид онцлов.


Монголын кино урлаг сүүлийн 30-аад жилд зогсонги байдалд хүрсэн гэж салбарынхан нь шүүмжилдэг. Үүний шалтгаан нь төр засгийн дэмжлэггүй, нэгдсэн бодлого, зохицуулалтгүйгээс үүдсэн. Тиймээс соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэх боломж тэр бүр байгаагүй, бизнесийн эрх ашиг нь давамгайлж ирсэн гэж  уран бүтээлчид дүгнэж байна.


Монголын Үндэсний кино хороо /МҮКХ/-ноос зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтаар киноны уран бүтээлчид корона ба кино урлаг, Монголын кино урлаг олон улсын зах зээлд гарах боломж, өнөөгийн нөхцөл байдал, чөлөөт уран бүтээлчид, кино үйлдвэрлэгчид, кино театрууд, контент түгээгчид дэлхийд гарах гарц, шийдлийг олох арга бий юу гэсэн сэдвийг хөндөн ярилцлаа.

МҮКХ-ны тэргүүн, продюсер М.Оргил: Одоо энэ кино урлагийнхаа чанар, түвшинг сайжруулж олон улсын хэмжээнд аваачих зайлшгүй шаардлагатай байна. Бодит байдал дээр цөөн хэдэн кино олон улсын хэмжээнд явж байна. Тэгэхээр Монгол хүний давуу талыг ашиглаад 5, 10 жилийн дотор Канн, Берлин, Венец цаашлаад Оскарын кино наадмаас шагнал хүртмээр байна. Ингэсэн тохиолдолд дэлхий даяар монгол киног үздэг болно. Аялал жуулчлал нэмэгдэнэ, монгол хүний үнэлэмж дээшилнэ, монгол бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Кино урлаг бол зөөлөн хүчний асар том зэвсэг юм. Тэгэхээр бид төр засагтаа ойлгуулах, өөр хоорондоо нэгдэлтэй байж, хамтарч ажиллах зорилгоор энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна.


Жүжигчин, найруулагч Б.Эрдэнэцэцэг: 1998 оны сүүлчээс 2008 он хүртэл монголын кино урлагийн салбар уналтын байдалд хүрсэн. Мэргэжлийн бус улсууд маш ихээр кино хийж эхэлсэн. Кино урлаг бизнес хэдий боловч бүтээл юм. Хүний оюуны болоод сэтгэлгээний хөрөнгө оруулалт учраас киног мэргэжлийн бус тал руу хийх нь хортой. Жинхэнэ бүтээл гэдэг нь гадна талаасаа хэлбэрдэх биш агуулга чухал юм. Төрөөс кино урлагт зайлшгүй анхаарах цаг үе болсон. Яагаад гэвэл кино босгоно гэдэг асар их өндөр өртөгтэй байдаг. Тиймээс киноны салбарыг ойлгодоггүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр жилд тодорхой хэмжээгээр төрөөс кинонд хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай гэж үзэж байна.


Монголын кино үзэгчдийн дийлэнх нь 18- 34 насны залуус байдаг. Тиймээс үзэгчдэд зориулсан массын кино хийж урлаг талаас нь харж мэдрэх ёстой кино бүтээл бараг байгаагүй, байсан ч үзэгчид хүлээж авч, үзэж сонирхох нь бага байсан хэмээн энэ үеэр тодотгосон юм.


Кино найруулагч Ж.Сэнгэдорж, Өнөөдөр кино урлагт тодорхой хэмжээний хувь уран бүтээлчид массын кино хийдэг. Энэ бол дэлхийн зарчим юм. Харин бүтээл бөгөөд индепендент  төрлийн артхаус кино хийдэг уран бүтээлчид ч байгаа. Тэгэхээр бид үзэгчдээ монгол кинонд яаж дуртай болгох вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал болж байна” гэв.


Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудалд Киноны тухай хууль багтсан учир удахгүй нэгдсэн бодлоготой болно. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэг нэмэгдэнэ. Тэр хэрээр киноны чанар, агуулга сайжирч артхаус бүтээлүүд төрөх болно гэж Монголын Үндэсний кино хорооныхон энэ үеэр онцолсон юм.



Холбоотой мэдээ